ДАТА: Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд 45 мянгаар нэмэгдэж, 2020 оноос хойш 20.9 ИХ НАЯД төгрөгийг зарцуулах гэж байна

0

Монголын төрд өнөөдрийн байдлаар 228 мянган төрийн алба хаагч ажиллаж байна. 228 мянга гэдэг бол бага тоо биш. Зөвхөн цалингийн зардалд нь л гэхэд улсын төсвөөсөө хэдэн их наядаар нь хуваарилж байна. Энэ утгаараа төрийн алба данхгар бус цомхон мөртлөө чадварлаг байх нь зүй ёсных. Гэвч төрийн албыг цомхон болгоно гэх үг улстөрчдийн попрол дунд “хадагдсаар” өнөөдөртэй золгов. Басхүү үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тэргүүн эгнээнд бичигддэг шигээ биеллээ олоогүй жагсаалтын эхэнд ч бичигдэнэ.

Үүнээс үүдэж төрийн албыг нэр төртэйгөөр залгуулж яваа алба хаагчдын нөмрөг дор ажлаа хийдэггүй нөхдүүд ч цалингаа авч байна. Тэгвэл төсөв хэлэлцэж буй энэ цаг үед төрийн албаны нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг харах гээд үзье.

-ХҮН АМЫН 5-6 ОРЧИМ ХУВЬ НЬ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙНА-

Монгол Улсын хүн амын тоон үзүүлэлттэй харьцуулахад төрийн албан хаагчид тэдгээрийн 5-6 орчим хувийг эзэлдэг байна. Энэ нь тогтмол үзүүлэлт мэт харагдаж байгаа боловч хүн амын тоо нэмэгдэж байгаатай уялдуулж бодвол энэ хэрээрээ албан хаагчдын тоо ч нэмэгдэж байгаа гэсэн үг юм . Тухайлбал, 2013 онд 2.9 сая иргэн байгаагийн 5.78 хувийг төрийн албан хаагч эзэлж байв. Харин 2023 оны байдлаар хүн амын тоо 3.3 саяд хүрч түүнд эзлэх төрийн албан хаагчийн хувь 6.67 болж өсчээ.

-10 жилийн дотор төрийн албан хаагчийн тоо 45 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ-

Сүүлийн арван жилийн хугацаанд төрийн албан хаагчийн тоо 40 гаруй мянгаар нэмэгджээ. Тодруулбал, 2014 онд 183 мянга байсан энэ үзүүлэлт 2024 оны хамгийн сүүлд шинэчлэгдсэн үзүүлэлтээр 228 мянга болтлоо нэмэгдсэн байна. Нэмэгдэж буй зүй тогтлоос харахад цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм.

-Төрийн албан хаагчдын цалинд 2020 оноос хойш 14.4 ИХ НАЯД төгрөгийг зарцуулжээ-

Тэгвэл бид төрийн албан хаагчдынхаа цалинд өнгөрсөн хугацаанд хэр их хэмжээний хөрөнгийг зарцуулав гэдгийг бодоод үзье. Тодруулбал, жилд дунджаар 2 орчим их наядын төсвийг цалингийн зардалд хуваарилж иржээ. Харин 2024 он буюу энэ онд цалингийн зардал 2-3 их наядаар огцом нэмэгдсэн байгааг та бүхэн дээрх графикаас харж болно. Энэ нь зарим салбарт нэвтэрсэн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн нэмэгдэлтэй холбоотой юм. Мөн төрийн албан хаагчийн тоо нэмэгдэж буй нь түүнд зарцуулах цалингийн зардал хурдтай өсөж буйтай нэг “замаар” холбогдоно.

-2025 онд төрийн албан хаагчийн цалинд, нэмэгдэл урамшуулалд 6.5 ИХ НАЯД төгрөгийг зарцуулна-

Ирэх 2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцоод буй. Ингэхдээ төсвийн төсөлдөө төрийн албан хаагчдын цалингийн зардалд л гэхэд 6.5 их наяд төгрөгийг зарцуулна хэмээн тусган оруулж иржээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд зардал өндөр байгааг шүүмжилж буй. Гэвч төрийн албандаа бүтцийн зөв менежмент бүхий төлөвлөлтийг хийж чадаагүй цагт одоо ажиллаж байгаа албан хаагчид нь цалингаа авах нь зүй ёсны зүйл.

-ШАЛТГААН: Шинээр байгуулагдаж буй төрийн бүтцүүд цалингийн зардалд онцгой ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА-

Төрийн албаны зөвлөлийн тайлбарлаж буйгаар, төрийн албан хаагчийн тоо өсөн нэмэгдэж байгаад үндсэн хоёр шалтгаан нөлөөлж буй. Нэгдүгээрт, жил бүр ашиглалтад орж сургууль, цэцэрлэгийн тоотой уялдаж тэнд ажиллах төрийн албан хаагчдын орон тоо шинээр үүсэж буй. Хоёрдугаарт, шинээр байгуулагдаж буй газар, нэгж, агентлаг, ТӨХК-иудад ажиллах албан хаагчийн тоо үүнд багтана. Өөрөөр хэлбэл, цомхон гэх уриатай төрийн алба нь жилээс жилд данхгар бүтэц рүү шилжиж, улмаар цалин, урсгал зардалд зарцуулах хөрөнгө нь өсөн нэмэгдэж байгаа юм.

Жишээ татъя. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн болон орон нутгийн өмчит 123 компани байгаагаас алдагдалтай ажиллаж буй 43 компани байна. Гэтэл алдагдалтай ажиллаж байгаа бүтцээ татан буулгахгүйгээр харин ч шинэ бүтэц нэмж төр татаас, түүнд ажиллагсдын цалин, урсгал зардлаар “тэжээж” байна.

-ШИЙДЭЛ: Данхгар бүтцээс татгалзах нь-

Хамгийн энгийн шийдэл бол бүтцийн өөрчлөлт. Бодит байдал дээр чиг үүргийн давхцалтай яамд, агентлагууд ч өнөөдөр байсаар байна. Үүнээс үүдэж төрийн албаны зардлаас гадна хүнд суртал ч нэмэгдэж, иргэд олон нийтийг бухимдалд хөтөлсөөр байгаа юм. Товчхондоо, нэг төрийн албан хаагчийн хийх ажлыг чиг үүргийн давцалтай таван хүн давхцан хийх нь утгагүй хэрэг.

Иймд цомхон бөгөөд чадварлаг төрийн албатай болох шинэчлэлийг хийх шаардлага байсаар байна. Ингэж чадвал төр зардлаа ч бодитойгоор бууруулж чадах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *