МЭНДЧИЛГЭЭ
Та бүхэнд Авлигын эсрэг олон улсын өдрийн мэндийг хүргэе.
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “АВЛИГЫН ЭСРЭГ ЗАЛУУСТАЙ ХАМТ НЭГДЬЕ. ШУДАРГА ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаас хойш Авлигын эсрэг олон улсын өдрийг эдүгээ 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж, авлигатай тэмцэх олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэн явна.
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, албан хаагчдыг чадавхижуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хохирол нөхөн төлүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах ажлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна.
Монгол төрөөс авлигатай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байгаа нь авлигын эсрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн зарим үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, хариуцлагыг чангатгах, олон нийтийн хяналт-оролцоог нэмэгдүүлэхэд нэгэн чухал хөшүүрэг болж байгааг энд онцлон тэмдэглэе.
Энэ жилийн хувьд Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 8 чиглэлд хуваагдан 21 аймаг, нийслэлд ажиллаж байна. Ажлын хэсгүүд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон нийтийн албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудал, авлигатай тэмцэх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Энэ үйл ажиллагаанд улсын хэмжээнд 9000 орчим албан тушаалтан хамрагдаж байна.
Авлигыг жигших сэтгэл зүй, үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэрийг нээлттэй болгон, авлигын гэмт хэргийг илрүүлэн шалгаж шийдвэрлэх, нийгэмд шударга ёсыг батжуулах, бурууд хурц байх төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтран ажилладаг төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, залуус, олон нийтдээ талархлаа илэрхийлье.
Авлигын эсрэг залуустай хамт нэгдье. Шударга ирээдүйг бүтээе.
МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ
ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА