14 мега төсөл: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ба Зэс боловсруулах цогцолбор

0

Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар “хөгжлийн хөдөлгүүр” гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой” гэж байлаа.

Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Аж үйлдвэржилтийн сэргэлтийн эхлэлийг тавьж, нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг 6 байршилд үе шаттай байгуулахаар болсон. Үүний нэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн Зэс боловсруулах үйлдвэр юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг олгосноор тус төсөл эхэлсэн юм.

Төслийн хүрээнд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр” байгуулах бөгөөд Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм. Эдгээр үйлдвэрийг байгуулахын тулд цахилгаан эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг эхлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-өөр өргөтгөсөн юм. Мөн Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах барилга байгууламжийг өргөтгөж шинэчилсэн байдаг.

1989 онд Түлш эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яам гэж байхад “Гипроцветмет” хүрээлэнгийн судалгааг үндэслэн “Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд барих нь зүйтэй” гэсэн анхны шийдвэр гарч, протокол үйлдэж байжээ. Үүнд үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төсөлд зэс хайлуулах заводыг цувих сунгах цехээс гадна молибдений цехтэй хамтад нь барихыг тусгасан байж. Гэтэл зөвхөн үйлдвэрийн байршил дээр тогтож чадалгүй, маргалдсаар өнөөг хүрчээ.

Катодын зэс үйлдвэрлэл нь цахилгааны эд анги, автомашины радиатор, зэс чип, цахим бүтээгдэхүүн гэх мэт шинэ төрлийн зэсийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл бий болгож, зах зээлийн үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, ДНБ-ний хурдацтай өсөлтийг хангах болно.

“Үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төсөл 2027 онд бүрэн хэрэгжиж дуусна. Эдгээр үйлдвэр ашиглалтад ороход дунджаар 1200 орчим хүн ажлын байртай болно.

Зэс боловсруулах цогцолбор ашиглалтад орвол…

Гарах үр дүн:

• Жилд 560 мян.тн зэсийн баяжмал боловсруулж, 125 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам долларын борлуулалтын орлогыг бүрдүүлнэ.

• Катодын зэсийн үйлдвэр нь дотоодын зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ.

• Үйлдвэрээс гарган авах 182 мянган тонн элементийн хүхэр нь химийн болон бордооны үйлдвэрлэлд өргөн ашиглагдах тул нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *