Хуульч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа: “Кофе” Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцсон байх, Монголд очвол би шууд шоронд орно
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн цахим хуудсандаа бичсэн постууд сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаж буй.
Хэрэг явдлыг нэхэн сануулбал нийгэмд дуулиан тарьсан гэмт хэргүүд дээр ажиллаж олны танил болсон хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй болсон, улмаар дөрөвдүгээр сарын 26-нд Хан-Уул дүүргийн 22-р хороо буюу “Богд хаан” амралтын газрын авто зогсоол дээр машиндаа амь хохирсон байдалтай олдсон билээ. Талийгаачийн үхэл гадны нөлөөтэй эсэх, амиа егүүтгэсэн эсэх өнөөг хүртэл тодорхой хариултгүй, хэрэг мөрдөн байцаалтын шатанд учраас бүх зүйл нууцын зэрэгт байгаа.
Г.Батбаяр агсны хэрэг явдалтай зэрэгцэн талийгаачийг хөдөөлүүлэхийн өмнөх өдөр буюу 2024.04.30-ны өдөр түүний том охин Б.Ариунзаяа баривчлах саналыг мөрдөн байцаагчаас прокурорт гаргасан ч ар гэрт нь уй гашуу тохиолдсон учир хойшлуулж байв.
Шалтгаан нь Б.Ариунзаяаг 2022 оны гуравдугаар сард “Шангри-ла”-д байрлалтай Tomn&Toms кофе шопт 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан, мөн “Фийл” пабад үйлчлүүлж байхдаа бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэх хэрэгт холбогдуулан шийтгэж, шалгаж байсан бөгөөд хүний биед халдсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсантай холбоотой. Улмаар өнгөрөгч есдүгээр сард цагдаагийн байгууллагаас Б.Ариунзаяаг эрэн сурвалжилж байгаагаа ч зарласан байдаг.
Манай сэтгүүлч Б.Ариунзаяатай цахимаар холбогдож ярилцсаныг хүргэж байна.
-Сайн уу, Ариунзаяа?
-Сайн.
-Өөрөө сүүлийн өдрүүдэд сошиалд нэлээд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн. Амиа хорломоор байна гэж хүртэл бичсэн байсан. Хэцүү байгааг тань ойлгож байна. Гэхдээ яагаад гэнэт ийм постууд нийтлэх болов?
-Ойр дотны хүмүүс маань надад “Чамайг эрэн сурвалжлаад байна. Монголд ирээч” л гээд байгаа. Би Монголд очвол жинхэнэ галзуурна. Солиорч үхэх байх. Тиймээс ингээд энд, тэнд аялаад явж байна. Яг одоо Хятадад, Шанхайд байна.
-Сэтгэл зүйн хүнд дарамт, шаналлаасаа гарч чадахгүй л байх шиг санагдлаа?
-Сэтгэл зүй юү. Би зүгээр л мэдрэл муутай болсон. Өглөө босоод уйлна. Өдөр нь аймаар аз жаргалтай, идэвхтэй, хүмүүстэй уулзаад ярилцаад д. Ажлаа хийе, алаад өгье гээд л. Тэгээд дараа нь ахиад уйлна.
-Уйлсныг бүү асуу гэдэг л дээ. Гэхдээ л…?
-Аавыгаа санаад байна л даа. Аавыгаа санаад байна…
-Аавынх нь амь насаа алдсан хэргийг Хан-Уулын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэсэн. Хохирогчдын хувьд энэ хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл байна уу?
-Хохирогчоор нь манай авга эгч тогтоогдсон. Ээжийг тогтоолгоё гэсэн чинь гэрлэлтээ цуцлуулчихсан болохоор болохгүй юм билээ.
Манай ээж, аав хоёр уг нь миний “кофены хэргийн” дараа эргэж нийлсэн юм. Гэр бүл салалт охинд минь ийм сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлсэн байна гээд эргээд нийлсэн. Гэхдээ гэрлэлтээ сэргээж батлуулаагүй байсан. Тиймээс хууль ёсны хохирогчоор манай ээж тогтоогдож чадаагүй. Аавын эгч тогтоогдсон байгаа. Хэрэгт холбогдсон, оролцогч, хохирогч гээд бүх хүнийг нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулсан. Хэргийн талаар нэг ч мэдээ задруулж болохгүй гэсэн. Тиймгүй бол би ярьчихмаар л байгаа. Гэхдээ би түүний ард хуулийн ямар хариуцлага хүлээхээ мэдэхгүй байгаа учир энэ тухай ярьж чадахгүй байна.
-Аавыг тань өөд болоод байсан яг тэр үед чамайг баривчлах прокуороын шийдвэр гарсан байдаг. Дараа нь эрэн сурвалжилж байгаа гэж зарласан. Эрэн сурвалжлагдахаар хэрэг хийсэн юм уу? Яг юу болсон юм бэ?
-Монголд надаас болоод хохирчихсон хүн нэг ч байхгүй шүү дээ. Тиймээс энэ талаар сайн мэдэхгүй байгаа. Өмгөөлөгчөө явуулсан. Цагдаа нар өөрсдөө тэр хэргийн гэм буруутан Ариунзаяа мөн юм уу, биш юм уу гэдгийг мэдэхгүй байна лээ. Угаасаа кофены хэргийн дараа миний талаар баян айлын охин гэж маш их мэдээ цацагдсан. Түүнээс хойш надаас мөнгө авах гээд зориуд өдөх тохиолдлууд ихэссэн. Намайг өдөж, бүр алгадчихаад “Аа, энэ кофе Ариунзаяа байна шт” гээд л.
Тэд олонд танигдаагүй болохоор надад гар хүрч, намайг хохироож болдог, би кофе Ариунзаяа учир бусдад гар хүрч болдоггүй. Тийм л болчихсон.
Би Монголд эрэн сурвалжлагдаж байгаа. Эх орондоо очъё, иргэний үүргээ биелүүлье гэсэн бодол надад огт байхгүй. Зүгээр л сэтгэлээ эрүүл болгож байгаад дүү нартаа санаа тавих, анхаарал халамж тавих хэмжээний болоод очмоор байна.
-Сошиалд нийтэлсэн постуудаас тань үзвэл аавынхаа үхэлд нэр бүхий хүмүүсийг буруутгаж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгж хардах болсон шалтгаан юу вэ?
-Ариунтуулыг уу?
-Тийм
-Ариунтуул 2016 онд бидний амьдралд орж ирэхээс өмнө бүх юм зүв зүгээр байсан. Тэр үед манай аавын нэр хүнд өсөж байсан. Аав Ноён уулын хэрэг дээр ажиллаад ялалт байгуулчихсан үе. Ноён уулыг ухуулахгүй гэдэг шийдвэр гаргуулж чадсан. Мөн нэлээд хэдэн газрын маргаан, хилийн заагийн маргаан дээр ажилласан. Том том хэрэг дээр ажиллаад нэр хүнд нь өсөж байсан. Тэгээд өөрийн гэсэн мэдээллийн сайттай болно гээд тэр Ариунтуул гэж хүүхэнтэй танилцсан байгаа юм. Би аавтайгаа багаасаа дотно өссөн. Аавын утсыг их үздэг, шалгадаг байсан. Би чинь аавдаа хартай эхнэр шиг л аашилдаг байсан охин нь. Нэг удаа аавын утсыг үзэж байгаад нэг мэссэж олсон. Тэгээд “Энэ хэн юм, аав аа?” гэсэн чинь аав, “Аан, аавынх нь араас гүйгээд байгаа нэг хүүхэн. Нөхөртөй юм байж аймаар байгаа биз, хүүхнүүд” гэж байсан.
Ариунтуулд хандаж би өчигдөр нэг пост бичсэн чинь “Миний араас гүйгээд байсан, миний буруу биш ш тээ” гэж бичсэн байна лээ. Тэр одоо өөрийгөө Монро гэж бодоод байгаа юм уу! Яагаад тийм эргүү юм бичээд байгаа юм. Миний аав үхчихсэн байхад хэнд нь ашигтай гэж. Юун ашиг яриад байгаа юм. Би аавыгаа алдчихаад байна. Миний аав үхчихсэн байна. Гэтэл юун ашиг. Үгүй ээ бүр… /уйлав/.
Миний толгойд бүх юм замбараагүй байна, уучлаарай. Би л өөрөө ингэж харж байгаа учраас, яаж эмх цэгцтэй тайлбарлахаа үнэндээ сайн мэдэхгүй байна.
Ямар ч байсан 2016 онд манай аав том том хэргүүд дээр ажиллаж байхад тэр үеийн УИХ-ын гишүүд аав дээр цаг авах гэж оочерлодог болсон. Тэр үед л Ариунтуул гарч ирсэн. Манай аав яг тэр үед тухайн үеийн хотын даргатай холбоотой нэг хэрэг дээр өмгөөлөгчөөр ажилласан. Тэр хүн хамтарч ажиллаж байсан Хятадын компаниа залилчихсан байсан. Аав Хятадын талыг нь өмгөөлсөн. Хотын дарга нь гадаадын компанийг залилаад байх юм бол Монгол Улсын нэр хүндэд муу шүү дээ. Тэр хэргийн бичиг баримт, ноорог манай аавын хуулийн фирмийн өрөөнд хана дүүрэн байдаг байсан. Тэрийг ухвал олох л байх.
Аав тэр хэрэг дээр ажиллаад ялсан. Тэгээд тэр хүн 20 билүү, арван хэдэн тэрбум билүү, нэлээд их хэмжээний төгрөгийн хохирол хүлээсэн гэж санагдаж байна. Ааваас сонссон юмаа л ярьж байна шүү. Тийм их мөнгөний алдагдал хүлээгээд тэр хүн аавын оффис руу рекет явуулж байсан байдаг. Тухайн үед тэрийг сонсоод би шууд “өмдөндөө шээсэн”. /уйлав/. Аавынхаа өвдөж байгааг, зовж байгааг мэдрэх хэцүү шүү дээ. Манай аавыг тэр хүн цохьсон болов уу, өвдөж байгаа болов уу гээд. Гэтэл одоо аавыг минь ингээд алчихсан байна. Яасан юм бол оо. Өвдсөн болов уу, сүүлийнх нь бодол юу байсан бол. Үхэхийн өмнөх бодол үр хүүхэд нь байсан болов уу. Амьдралд чухал нь ирээдүй л байдаг юм байна гэх мэт бодол байнга төрдөг.
Бүх юм замбараагүй байна аа, уучлаарай
-Аав тань Ариунтуулд Туг.мн сайтыг байгуулж өгсөн, байр, машин, оффис авч өгсөн гэдэг үнэн үү. Үнэн бол түүнийг нотлох боломжтой юу?
-Байрны ордер нотолно. Тэр ордер нь надад байгааг мэдэхгүй байгаа байх. Аав “Миний охин энэ сайтыг том болоод авна. Энэ аавынх нь хийж байгаа ажил” гэдэг байсан. “Шангри-ла”-гийн зүүн талд “Дипломат” гэж хотхон байдаг даа. Тэнд нэг саарал байшин бий. Маш томоор Туг.мн гээд биччихсэн. Тэр оффис нь.
-Ариунтуул өөрийн чинь биед халдаж, алгадаж байсан гэж уншиж байсан. Та хоёрын дунд тийм зүйл болсон юм уу?
-Алгадаж байсан гэж хэлэхгүй л байх л даа. Бүр явалдаж байгаагүй гээд байгаа юм биш үү. Тэр миний орон дээр нүцгэн хэвтэж байгаа зургийг хүртэл бараг өөрийгөө биш гэчих гээд байгаа юм биш үү! Яаж өөрийгөө өмөөрөөд байгааг нь ойлгохгүй байгаа. Би зөндөө удаан хүлээсэн. Дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл тэр хүүхнийг “Уучлаарай” гэж хэлэх байх гэж хүлээсэн. Би өдөр болгон дүүтэйгээ ярихдаа Ариунтуулын бага хүүг нь боддог. Тэр одоо эцэг эхтэйгээ жаргалтай байгаа шүү дээ. Миний дүү есөн нас хүртлээ аавтайгаа хэр сайн танилцсан юм бол. Ямар мундаг хүн байсныг нь мэдэхгүй, хараагүй шүү дээ /уйлав/.
-Танай гэрт, чиний орон дээр хэвтэж байгаа тэр зураг ямар учиртай юм бол?
-Тэр түрээсийн байр. Бидний түрээслүүлдэг байруудын нэг. Хуучин тэр байранд бид амьдардаг байсан. Тэр орон дээр би унтдаг байсан. Одоо ч тэр байр байгаа. Хэрвээ биш гэвэл би очоод зургийг нь дараад явуулж болно.
Ариунтуулд ингэж өөрийгөө өмөөрөх сэтгэл зүрх яаж байна вэ. Мэдэхгүй ээ, би тэр эмэгтэйтэй юу ярих юм бэ. Зүгээр л энэ бүхнийг хараад би бодож байна. Монголд 20 мянган гэр бүл бүртгүүлээд 17 мянга нь салдаг гэнэ. Тэр 17 мянган эмэгтэй бүхэн үүнийг мэдэрдэг юм уу. Тэгвэл би хүнтэй суухгүй. Би монгол иргэнтэй суухгүй. Би Монголын хуулиар явахгүй, би Монголын иргэн төрүүлэхгүй.
Кофены хэргээс өмнө би сошиал медиа дээр “Бид монгол эмэгтэй болж төрсөн тул ганцхан үүрэг байгаа. Үр хүүхэд төрүүлнэ” гэж бичдэг, уриалдаг байсан. Гэр бүлийн тухай хуулиар гэр бүл салахад хөрөнгийг нь 50 хувиар хувааж өгнө. Тэгээд болоо. Англо-Саксоны эрх зүйтэй оронд өөр. Чи хуурсан бол эд хөрөнгийн маргаан хийх эрхгүй ээ ч гэдэг юм уу. Би Монголыг дэлхийн бусад орны жишгээр ингэж яваасай гэж хүсэж байна.
Миний аавд хийж бүтээсэн өчнөөн сайхан зүйл байсан. Миний аав ганцхан л алдаа байсан. Тэр нь Ариунтуул.
-Ариунтуулыг талийгаачийн үхэлтэй холбоотойгоор шалгасан уу?
-Үгүй. Ямар ч хэрэгт холбогдуулж шалгаагүй. Би мэдэхгүй байна. Ариунтуул одоо Хятадад байгаа. Хайнаньд ажлынхантайгаа зугаалж яваа юм билээ. Над руу ажлынх нь хүн “Бид Хайнаньд явж байна. Ариунтуул Хайнаньд явж байгаа” гээд бичиж байна лээ.
Монгол гэхээр надад нэг нэгнийгээ хутгалсан, итгэл даахгүй, араар тавьсан, хүний амьдрал сүйрүүлсэн ийм л юм санаанд орж ирж байна. Би ерөөсөө гоёор харж чаддаггүй. Бүр энгийнээр ч харж чадахгүй байна.
-Монголдоо ирээд энэ хэргийн эцсийг үзэж болохгүй юу. Хууль шүүхээр явахад юу саад болж байна вэ?
-Би Ариунтуулаас өөр юм ярьж болохгүй байгаа. Хамгийн гол зүйл тэр. Би одоо очвол шууд шоронд орох байх. Би өчнөөн пост бичиж, стори хийсэн. Би өөрийгөө, үзэн ядалтаа барьж чадахгүй байгаа. Би тийм гэгээрчихсэн хүн биш юм байна. Тэгээд би өчнөөн юм биччихсэн.
-Би ойлгохдоо өөрийг чинь бусдын дээрээс кофе асгасан хэргээсээ болж цагдаад шалгагдаж, улмаар эрэн сурвалжлагдах хүртлээ өндөр авснаасаа болж Монголд ирж чадахгүй байна гэж бодсон?
-Үгүй, кофены хэрэг аль дээр дуусчихсан.
-Тэгвэл одоо ямар хэргээр чамайг эрэн сурвалжилж байгаа юм бэ?
-Хүний биед халдсан гээд байгаа. Тэгээд тэр халдлагад өртсөн хүн нь “Ариунзаяа биш” гэчихсэн байгаа. “Биш байх аа, мөн юм болов уу” гэж над дээр гомдол гаргачихсан юм билээ. “Хүмүүс тэгж хэлж байгаа” гэж л гомдол гаргасан. Яагаад тэгсэн гэхээр тэр хүүхэн “тасарчихсан” байсан юм байна. Тэгэхээр худлаа шүү дээ. Намайг тэнд явж байхыг хэн нэгэн харсан. Тэгээд энэ охин нөгөө “кофе” Ариунзаяа байна. Энийг шууд ингээд хэрэгт гүтгээд хаячихъя. Кофе Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцож. Энэ удаа харин тэр хүүхэн азгүй байж таараад манай аав өнгөрчихлөө л дөө. Гэхдээ тэр хүүхэн арай ч Ариунтуул шиг хүн чанаргүй биш байлгүй дээ. Тэр хүүхэн “Би Ариунзаяа мөн байсныг үнэнээ хэлэхэд мэдэхгүй байна” гээд цагдаад хэлэнгүүт цагдаа нь зурагтаар эрэн сурвалжилж байгаа гээд гаргачихаж байгаа юм.
За за би энэ удаад ярилцлагаа ингээд дуусгамаар байна.
-Ойлголоо. Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:Reelnews.mn