Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдлээ.

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсов. Энэ талаар тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн танилцуулахдаа, мал сүргийн бүтэц, малын тэжээлийн нөөц, мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэж буй махны нөөц, экспортлогч оронтой байгуулсан гэрээ, хэлцэл, мах, махан бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэлийн талаар товч дурдав.

Монгол Улсын мал сүргийн тоо 2023-2025 онд дунджаар 2.6 хувиар нэмэгдсэн. Энэ онд 15.4 сая төл хүлээн авч бойжуулж, оны хагас жилд 66.8 сая толгой мал тоолуулжээ. Харин мал сүргийн бүтцээр харвал нийт малын 46.4 хувь нь үржлийн насны эм, 25 хувь нь эр, сувай, 4.6 хувь нь үржлийн эцэг, 23.3 хувь нь сүрэг сэлбэх өсвөр насны мал байгаа юм.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэж буй нөөцийн махны талаарх мэдээлэлд, “Хүнсний тухай хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийнхээ хүн амын стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатын Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан төдийгүй Засгийн газрын тогтоолоор стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг баталж, шаардах зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан. Нийслэлийн хүн амын 2024-2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 5100 тонн махыг 6 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэхээр шалгарч, нийт бэлтгэх махны 60 хувийг хонины, 40 хувийг нь үхрийн мах байхаар тооцжээ.  

Нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилтийг арилжааны банкны эх үүсвэрээр 18 хувийн хүүтэй олгохоос 11 хувийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлийн төсөвт тусгаж, 7 хувийг нь аж ахуйн нэгж төлөхөөр шийдсэн. Одоогоор 3 аж ахуйн нэгж 2330 тонн мах бэлтгээд байгаа аж.

Түүнчлэн, Монгол Улс 1997 онд ДХБ-д гишүүнээр элсэж, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тарифын бус хориг саадыг багасгахаар гадаад орнуудтай хүнс, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага, экспортлох, импортлох үеийн нөхцөлийг тохиролцож, худалдааны чөлөөт байдлыг хангаж байгааг тэрбээр онцлоод, мал, амьтны хорио цээрийн чиглэлээр 26 улс оронтой хамтарч байгааг тэмдэглэлээ.

Одоогоор Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох 11, дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн экспортлох 21, дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэх, төхөөрөх 10, баруун 5 аймгаас түүхий мах экспортлох 6 аж ахуйн нэгжийг бүртгэсэн байдаг бол ОХУ-ын мал, эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын хороонд 29, Узбекстан улсад 24 үйлдвэр гэх зэргээр бүртгэгджээ. Сүүлийн үед булангийн орон Иран, Ирак руу мах, махан бүтээгдэхүүн түлхүү экспортолж байгаа аж.

Орон нутгаас авсан судалгаагаар энэ жил 16 сая толгой малыг хэрэгцээлж, 50.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. Нийтийн хэрэгцээнд 16 сая толгой мал буюу 543 мянган тонн мах зориулна. Үүнээс дотоодын хэрэгцээнд 10 сая, экспортод 6 сая толгой мал гаргах тооцоо байгаа нь 200 мянган тонн мах экспортлох боломжтойг мэдээлэд дурджээ.

УИХ-ын гишүүд мал, махны экспортыг өсгөх, малчдын орлогыг нэмэхэд яамнаас баримталж буй бодлого, мөн энэ жил хэчнээн бүсээс хэдэн тонн махыг дотоодын хүсний хэрэгцээг хангахаар бэлтгэж буй талаар, малчны хотонд буй махны үнэ, зах зээлийн үнийн зөрүүнд судалгаа хийсэн эсэхийг лавлалаа.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр малын тоо толгой бэлчээрийн даацтай харьцуулахад 30 саяар хэтэрснийг дурдаад, цаашид махны экпортыг нэмэхэд бүх талын арга хэмжээ авч байна. Мах төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмж байж малчдын орлого сайжирна. Мөн мал, махны экспортыг энэ жил 100 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байна гэв.

Мөн 2025 онд 5100-5500 тонн мах бэлтгэхээр 7 аж ахуйн нэгжийн нэрийг арилжааны банканд хүргүүлэн 21 тэрбум төгрөгийн зээлийг шийджээ. Энэ жилийн хувьд хонины мах 8800, үхрийн мах 9400 төгрөгөөр бэлтгэнэ. Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр нийслэлийн 8 байршилд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулж, 800 тонн махыг хоршоологчид нийлүүлэхээр зэхээд байгааг ажлын хэсэг нэмж тайлбарласныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *