Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны” хэргийг давтах вий
Эрчим хүчний яамнаас зарласан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Тавантолгойн 450МВт-ын дулааны станцын эхний ээлжийн 300МВт гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах ЭХЯ/202306001 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон “Митайм интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх даваа гаригт зарлагдаад байна.
Үүнд сонирхолтой нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд анхнаасаа Камбожийн хаант улсын “Митайм интернэйшнл” хэмээх тендерийн шаардлагад үл нийцэх компанийг тендер шалгаруулах хүрээнд илт дэмжсээр ирсэн бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны процесс дуусаагүй байхад Камбожийн компани ялах ёстой, цаашид станцын гэрээлэлтийг хийх ёстой мэтээр хэвлэлээр энэ асуудал яригдах бүрт өмөөрсөн тайлбар, мэдэгдэл хийсээр ирсэн нь хардлага төрүүлдэг.
Камбожийн “Метайм интернэйшнл” компани цахилгаан станц барих чадамжгүй нь тендер шалгаруулалтад өгсөн материалуудаар, мөн захиргааны хэргийн шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нээлттэй мэдээллийн санд орсон олон баримтуудаар тогтоогдсон байдаг. Зах зухаас нь дурьдвал, “Митайм интернэйшнл” компани Таван толгойн станцын зургийн ажлаа “Power China hebei electric”-ээр хийлгэсэн гэх боловч “Power Сhina” группын төв мэдээллийн санд зургийн ажил хийлгэсэн бүртгэл огт байхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Мөн хоёр дахь удаа зарлагдсан тендерийн техникийн нөхцлүүдийг гурав дахь тендер дээр Камбожийн хаант улсад бүртгэлтэй “Митайм интернэшнл” компанид нийцүүлэн хассан. Энэ бол том асуудал. Жишээ нь Сангийн яамны зүгээс анхан шатны шүүх хурал дээр өгсөн тайлбараас үзэхэд тус яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7259 дугаар албан бичигт тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д “Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 10 хувиас багагүй байна” гэсэн заалтыг өөрчилсөн нь бас ноцтой. Учир нь шалгарсан гүйцэтгэгч ойролцоогоор 500 сая ам.доллар олж ирээд л энэ станцыг барина гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 200 гаруй сая ам.долларыг өгнө гэсэн агуулга шүүх хурал дээр дурьдагдсан.
Түүнчлэн, Сангийн яамнаас баталсан өөрчилсөн тендерийн жишиг баримтыг ашиглаад ТШЗ 17.6.4-т “450 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай нүүрсээр галладаг ДЦС-ыг сүүлийн 10 жилд барьсан байх, үүнийг нотлохын тулд ажил гүйцэтгэсэн гэрээ, Улсын комисс хүлээж авсан дүгнэлт, эсвэл Улсын ажил хүлээн авсан тухай баримт бичгийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан шаардлага хангагдахгүй байгаа тухай маш тодорхой дурдсан байдаг. Энэ шаардлага хангагдаагүй.
Камбожийн хаант улсад 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан гэж Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичиглсан, санхүүгийн тайлан байхгүй, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монголд үүсгэн байгуулагдсан “Митайм интернэшнл” компаниас дөрвөн ажилтан л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох нь 2023 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаас нь тодорхой харагддаг. Тус компанийн албан ёсны веб сайт байхгүй, ямар нэгэн мэдээлэл байхгүй. Эрчим хүчний яам болон “Донгфанг электрик интернэшнл корпораци” ХХК руу явуулсан хоёр бичгийн тамга нь хүртэл зөрдөг, нэг нь дугуй, нөгөө нь зууван хэлбэртэй, удирдах хүмүүсийнх нь гарын үсэг хүртэл өөр хоорондоо зөрүүтэй байна гэдэг ноцтой асуудал мөн биз дээ. Тэр тусмаа яг л монголчуудыг доромжилсон “Ногоон автобус”-ны хэрэгтэй адилхан байдал давтагдаж байна.
Нөгөөтэйгүүр, Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/7259 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээг хийсэн бөгөөд дахин үнэлгээг хийх явцад “Донгфанг электрик интернэшнл корпораци” ХХК-ийн борлуулалтын захирал Чен Хуайжигаас Монгол Улсын Эрчим хүчний яаманд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр DECI/MNG/MM-009 албан бичгээр тус төсөлд ямар нэг компанитай хамтраагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй талаар мэдэгджээ. Энэ бол өөр улсын, компанийн нэрийг ашиглаж хуурах үйлдэл гаргасан ноцтой асуудал. Ингээд уг албан бичгийг “Митайм интернэшнл” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн в/3336 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд хариу нь “Митайм интернэшнл” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн MT-2023-ME/10/002 албан тоотоор ирсэн байдаг.
Энэ бүх материалтай танилцсан шүүх хурлаас “Нэхэмжлэгч “Митайм интернэшнл” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Митайм интернэшнл” CO,LTD нэрээр хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр компанийн нэрийг өөрчлөх хүсэлт гаргаж “Митайм интернэшнл” ХХК болж өөрчлөгдсөн. Камбожийн Хаант Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас олгосон хуулийн этгээдийн гэрчилгээнээс үзвэл тус компани нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж 2018 оны 7 дугаар сарын 19-нөөс татвар төлөгчөөр бүртгэгдэж Камбожийн Хаант Улсын Эдийн засаг, санхүүгийн яамны тендерт орлоцогчийн татварын бүртгэлд барилга, бүтээн байгуулалт/ барилга, зам гүүр, цахилгаан станц болон эрчим хүчний дэд бүтэц/-ийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг, тус компанийн төлөөлөгч Хятад улсын иргэн Т гэгч байж таарчээ.
Эцэст нь хэлэхэд 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2024/0573 тоот Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад тус компанийн борлуулалтын орлогын нийлбэр тендерийн шаардлагад хүрээгүй, сүүлийн 5 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан илрүүлэх ёстой атал 2018 оны санхүүгийн тайлан байгаагүй, цахилгаан станц барих туршлага, боловсон хүчингүй байгаа зэрэг байдал нотлогдоод байхад яагаад тус компанийг тус тендрийн ялагчаар шалгаруулах болов гэдэг асуудлыг олны анхааралд хүргэх шалтгаан болж байна. Товчхондоо, Эрчим хүчний сайд яагаад тус компанийг илтэд өмөөрч тайлбар өгдөг вэ?
Ялангуяа Эрчим хүчний яамны газрын дарга тус тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Ерөн-Өлзий яагаад Камбожийн хаант улсад бүртгэлтэй, дөрөвхөн ажилтантай, албан бичгүүдийнх нь тамга, гарын үсгүүд хүртэл тогтоогддоггүй энэхүү “но”-той компанийг шалгаруулахын тулд өөрөөс шалтгаалах байж болох үйлдлийг хийсээр ирэв? Энэ талаарх бүх үйлдлүүдийг АТГ зайлшгүй шалгах шаардлагатай байна.
Мөн тус компанийг тендерийн ялагчаар шалгаруулах нь зөв гэж үзсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шийдвэрийн үндэслэл хэсэг нь маш ойлгомжгүй бөгөөд “хуулийн хэрэглээний зөрүү” гэсэн ерөнхий тайлбартай шийдвэр гарсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ талаар үргэлжлүүлэн нийтлэх болно.