Иргэн Э: Бааранд танилцсан найзынхаа ятгалгаар сэтгэцэд нөлөөт эмийг “ганцхан удаа” гэж хэрэглээд дөрвөн жил мансуурч байна
Хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хэрэглээ биднээс хол, ойр дотнынх нь хүмүүс энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүй мэтээр ойлгож ирсэн цаг саяхан. Гэтэл “Цагаан тахал” гэгддэг аюул монголчуудын хаалгыг тогшихгүй, хэдийнээ орж иржээ.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F3378239515642940%2F&show_text=false&width=560&t=0
Оюутан охин нь сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэж, мансуурдаг болоод дөрвөн жил болсон гэдгийг саяхан мэдсэн нэгэн ээж манай сайтад хандлаа. Тэрбээр “Охин минь бусдын л адил эцэг, эхийнхээ хайранд өсөж, оюутан болсон. Нас биед хүрч, оюутан боллоо хэмээн хараа хяналтаа сулруулснаас болж, охин минь муу хүүхдүүдтэй нийлж, мансуурдаг болсныг мэдээд амьдрал минь там болсон. Тиймээс дахин өөр хэн нэгэн ээж над шиг нь зовлонг бүү туулаасай гэж хүсэж охинтойгоо ярилцсаны үндсэн дээр мэдээлэл өгч байна. Ганцхан удаа гэдэг зүйл байхгүй. Нэг л удаа хэрэглэсэн бол түүндээ донтож, амьдралаа там болгоно шүү гэдгийг хүүхэд, залуус маань ухамсарлаж, хэзээ ч бүү донтож, мансуурах гэж оролдоорой” хэмээгээд болсон явдлын талаар өгүүлсэн юм.
Харин түүний охин Э “Найзуудтайгаа шөнийн цэнгээний газарт явж байгаад нэгэн охинтой танилцаж, дотно найзууд болсон. Нэг удаа тэр найз маань “Хоёулаа өөр мэдрэмж авах уу” гэж хэлснээр сэтгэцэд нөлөөт эмийг судсаараа тарьж, мансуурдаг болсон. Тэрнээс хойш дөрвөн жил болсон байна. Ээждээ мэдэгдэхгүй олон жил болсон ч саяхан мэдэгдсэн. Тухайн үед ээж минь шоконд орж, их л хэцүү байсан. Одоо ээжтэйгээ ярилцаж, даван туулахаар хичээж байна” гэсэн юм.
-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД НАР СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙГ ЖОРТОЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙ ӨНӨӨГ ХҮРЧЭЭ-
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй, жоргүй олгодог мансууруулах үйлчилгээтэй нэр бүхий эмүүдийг жортой эмийн жагсаалтад оруулаагүй өнөөг хүрсэн нь хүүхэд, залуучуудыг энэ төрлийн эм бэлдмэлд донтож, мансуурах боломжийг олгосоор байна. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас хүүхэд залуучуудын донтох зорилгоор ашиглаад байгаа тухайн эмийг жортой эмийн жагсаалтад оруулж өгөхийг үе үеийн Эрүүл мэндийн сайд нарт уламжилж, хөр хөнөөлийн талаар танилцуулж байжээ. Гэсэн ч сайд нар уг асуудлыг үл тоомсорлож, жортой эмийн жагсаалтад оруулаагүй өнөөг хүрсэн нь олон зуун хүүхдийг энэ төрлийн гэмт хэргийн золиос болоход нөлөөлж байх өндөр магадлалтай байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг уг асуудалд анхаарал хандуулахыг эцэг эхчүүд хүсэж байна.
Эх сурвалж: isee.mn