“Цагдаа зогсоогоод ₮1,400,000 торгуулиа төлөөгүй гээд эрх хасчихлаа, юу болоод байна вэ”

0
  • Торгуультай жолооч нарын эрхийг хасаж байна
  • Жолооч бүрийн санаж явах тоо 3,8,4

“1,4 сая төгрөгийн торгуультай байсан юм. Тэгсэн цагдаа зогсоогоод эрх хасчихлаа” гэж ярих хүнтэй таарав. Тэр “Юу болоод гэнэт эрх хасаад эхлэв” гэж лавлаж байна. Үүнд ердөө ч шинэ зүйл үгүй.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ улаан гэрлээр давхисан, таслалгүй хоёр цагаан зураас давж эргэсэн гэх мэтчилэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол цагдаа нар торгодог. Нэг торгуулсан, хоёр торгуулсан, олон удаа торгуулсан. Гэвч үүнийгээ төлөөгүй буюу оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна гэж Зөрчлийн тухай хуулийн 3.8.4-т заасан бий.

Өөрөөр хэлбэл, хэрэв та замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол цагдаа таныг зогсооно. Шалгах явцад өмнө нь төлөөгүй, олон удаагийн торгуультай байвал таныг торгохоос гадна эрхийг тань хасна. Бүр энгийншүүлбэл, та автомашин жолоодож яваад торгуулбал түүнийгээ 15 хоногийн дотор төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч үүнийгээ төлөөгүй, давтан давтан торгуулсан ч дахиад л төлөөгүй бол өмнө нь толгойг тань илээд өнгөрөөдөг байсан бол одоо тийм зүйл үгүй. Цагдаагийн албан хаагчид хуулийг чандлан сахиулж “Та төлөхгүй бол автомашин унуулахгүй” гэдэг дүрмээр ажиллаж эхэлжээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар торгуулиа төлөөгүй 120 жолоочийн эрхийг хасаад буй юм байна.

Энэ тухай ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуяг “Жолооч бүр л замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй. Дүрмээ биелүүлээгүй учраас л эрх бүхий албан тушаалтан буюу цагдаагийн албан хаагч торгууль оногдуулж байгаа.

Энэ торгуулийг жолооч сайн дураараа төлж барагдуулах үүрэгтэй. Гэтэл замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчиж 3-аас дээш удаа торгуулсан, түүнийгээ төлөхгүй байгаа нь шийтгэл биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн болж, эрх хасах үндэслэл үүсэж байгаа юм” гэлээ.

Тэгэхээр жолооч нар Зөрчлийн тухай хуулийн хоёр зүйл, заалтыг сайтар ойлгож, санаж явах хэрэгтэй.

  1. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйл. Торгох шийтгэл

8. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.

Хэрэв торгуулиа төлөөгүй тохиолдолд таны автомашиныг журамлаж, торгуулиа төлсөн тохиолдолд буцаан олгох тухай энд дурджээ. Тэгвэл ямар тохиолдолд таны эрхийг хасах вэ гэдгийг хуулийн дараах зүйлд заасан байна.

   2. Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйл. Эрх хасах шийтгэл

4. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.

Эхний заалтад торгуулиа төлөөгүй бол автомашин тань журамлана гэсэн бол энэ удаад олон удаагийн торгуулиа төлөөгүй бол “санаатайгаар зайлсхийсэн” гэж үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна гэжээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албанаас одоогийн байдлаар 10-58 удаагийн торгуультай байсан 120 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна. Жишээ нь, 2021 оноос хойш 21 удаа торгуулсан, төлбөрийн хэмжээ нь 460 мянган төгрөг. Үүнийг огт төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасжээ.

Эрхийг нь хасаад ч торгуулиа төлөхгүй бол цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх, эсвэл нийтэд тустай ажил хийлгэх зохицуулалт бийг мөн сануулъя.

ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

ТОРГУУЛИА ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ?

  • Smartcar.mn цахим хуудсаар дамжуулж төлөх
  • Е-Монголиа системээр дамжуулж өөрийн нэр дээрх болон тээврийн хэрэгслийн дугаар торгуулийн төлбөр төлөх боломжтой.
  • Цагдаа аппликейшн (102 Police). App store-с татахыг хүсвэл ЭНД,  play store-с татахыг хүсвэл ЭНД дарна уу.
  • Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх, “Гялс банк” цахим хуудас, “Гялс банк үйлчилгээний смарт аппликейшн”-аар дамжуулж цахим хэлбэрээр төлөх.
  • Голомт банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх, “Интернет банк” цахим хуудсаар, “Смарт банк”, “SocialPay” гар утасны аппликейшнаар дамжуулж цахим хэлбэрээр төлөх.
  • Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр биеэр очиж торгуулийн төлбөр төлөх.
  • Gerege systems. Гэрэгэ системсийн үйлчилгээний төвүүдэд байрлах “Гэрэгэ киоск” машинаар дамжуулж биеэр төлөх байршлын мэдээллийг ЭНД-ээс авна уу. Мөн “Гэрэгэ аппликейшн”-ийг гар утсандаа суулгаж цахим хэлбэрээр төлөх. Гар утасны аппликейшн татах хаяг www.gerege.mn
  • Ebarimt.mn цахим төлбөрийн системээр дамжуулж торгуулийн мэдээллийг лавлаж, төлөлт хийх.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *