Б.Лакшми: Энэ оны хамгийн том сорилт нь инфляцын өсөлт байна
2025 оны эдийн засгийн төлөв байдал болон энэ онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар Монголын эдийн засгийн форум ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.-Таныхаар 2025 онд Монгол Улсын эдийн засаг ямар байх вэ?-Эдийн засаг 2025 онд өсөлттэй буюу ДНБ 5 орчим хувь өснө гэж олон улсын байгууллагууд тооцоолсон. Гэхдээ он дөнгөж эхэлж байгаа болохоор өсөлт яг тэд байна гэж хэлэхэд арай эртэднэ. Монгол Улсын 2025 оны эдийн засгийн хөгжлийг гадаад болон дотоод хүчин зүйлсээс харах хэрэгтэй. Гадаад хүчин зүйлс гэвэл 2025 онд нэлээд тодорхойгүй буюу дэлхийн улс орнуудад улс төрийн ойлгомжгүй байдал өрнөхөөр байна. Хамгийн ойрын болох үйл явц гэвэл 14 хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөж, албан ёсны ажил нь эхэлнэ. Сонгуулийн үеэрээ бизнесүүдийг дэмжсэн бодлого явуулахаа амлаж байсан. Гэхдээ импортын бараанд өндөр татвар тавина, ялангуяа БНХАУ-ын цахилгаан машинд 60 хүртэл татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн. Хэрэв энэ амлалтаа биелүүлбэл БНХАУ-ын цахилгаан машины үйлдвэрлэл буурч таарна. Энэ нь их бага хэмжээгээр Монгол Улсын экспортод нөлөөлнө.2025 оны хоёрдугаар сард ХБНГУ-д сонгууль болно. Өмнөд Солонгос засаглалын хямралтай, ерөнхийлөгчийн асуудлаа шийдэж чадахгүй нэлээд удлаа. Өчигдөр бас Канадын Ерөнхий сайд ажлаа өгнө гэж мэдэгдлээ. Энэ олон үйл явдлуудаас хамаарч олон улсын байдал өөрчлөгдөж, энэ бүхэн нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус байна.Дотоод хүчин зүйлс гэвэл мэдээж оны өмнөх цахилгаан эрчим хүчний үнийг болон цалин, тэтгэмжийг нэмсэн, ногдол ашиг тараалт зэрэг асуудал нь инфляцыг нэлээд өдөөх магадлалтай байна. Тодруулбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрчимтэй өсөлттэй нүүр тулна байх. Үүнд бас олон жилийн төсвийн тэлэлт ялангуяа 2024 оны төсвийн тодотгол болон 2025 оны төсвийг ихээр нэмсэн нь нөлөөлнө. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ бууруулахгүй, мөнгөний чанга бодлого үргэлжилнэ. Мөн Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ 10 гаруй хувиар буурах төлөвтэй байна.-Энэ жил улс болон нийслэлд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч улсын төсөв хязгаартай тул гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын зээл, тусламжаар хийх гэж буй. Энэ төслүүд хэрэгжих нь эдийн засагт ямар өгөөжтэй вэ?-Монгол Улс дэд бүтцийн хувьд хойгуур эрэмбэлэгддэг. Уг нь томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж чадвал тээвэр логистикийн хүндрэлээс гарна. Мөн эдийн засагт ихээхэн мөнгө санхүү орж ирэх давуу талтай. Харамсалтай нь энэ нь мөн л инфляцыг өсгөдөг. -Ихэнх зээл тусламж, хөрөнгө оруулалтыг Хятад улсаас татахаар яригдаж байна. Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?-Зээл тусламж , хөрөнгө оруулалтаа олон орнуудаас татаж чадвал илүү зөв. Ганц улсаас татах юм бол нэг улсаас хэт хамааралтай болох эрсдэлтэй.
Төрийн оролцоо их байвал бизнесийн салбарын өсөлт удаашрах эрсдэлтэй. -Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийн юунд анхаарах хэрэгтэй вэ?-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл дээр хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын газар гэх үү, агентлаг гэх үү тогтвортой урт хугацаанд ажиллах суурийг нь тавих хэрэгтэй. Мөн чиг үүргийг урт хугацаанд тогтвортой байлгах хэрэгтэй. Түүнчлэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал. Гэрээ хэлэлцээрээ урт хугацаанд дагаж мөрддөг байх нь чухал гэж харж байгаа.Хөрөнгө оруулалттай холбоотой хамгийн том асуудал нь тогтворгүй байдал байдаг. Тогтворгүй байдал гэдэг нь зөвхөн хууль тогтоомжийн асуудлыг хэлж байгаа юм биш. Тогтворгүй байдлыг гурван түвшинд харах хэрэгтэй. Үүнд хууль тогтоомж, хариуцаж байгаа байгууллага нь, ажиллаж байгаа хүмүүс зэрэг хамаарна. Ажиллаж байгаа хүмүүс нь солигдохоор өөрөөр хэрэгжүүлээд эхэлдэг, байгууллагыг нь өөрчилчихдөг гээд олон асуудал байна.-Уран болон Гашуунсухайт- Ганцмод боомтын хил холболтын төсөл хэрэгжих нь тодорхой болоод байгаа. Эдгээр төслүүдийн эдийн засгийн үр өгөөж ямар байх вэ?-Монгол Улсад хэрэгтэй төслүүд гэж харж байгаа. Өнөөдөр дэлхий Аж үйлдвэрийн IV хувьсгал явагдаж байна. Анхны аж үйлдвэрийн хувьсгал Европт явагдсан. Европын хөгжил өнөөдөр ямар түвшинд байгаа билээ. Дэлхий дээр техник технологи сайн хөгжсөн байна. Эрчим хүчний хараат байдлаасаа бид гарах боломж байна. Хэдий болтол өдөр болгон тогоо таслуулаад сууж байхав дээ.Гашуунсухайт- Ганц мод боомтыг эргэлтэд оруулснаар эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулна, тээвэр логистикийн хувьд эерэг нөлөөтэй буюу нэмэгдүүлнэ гэж харж байгаа.-Хөгжлийн банкнаас 2025 онд хоёр их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон. Энэ нь хувиараа бизнес эрхлэгчдэд давуу тал олгох уу?-Хувиараа бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллавал олгоно. Гэхдээ томоохон бизнес эрхлэгчдэд л давуу тал бий болно байх. Шалгууруудаа тодорхой болгох хэрэгтэй, жишээ нь жижиг компаниудтайгаа хамтарч ажилладаг гэрээтэй байх гэсэн шалгуур.-Төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь дөнгөж сэргэж эхэлж буй бизнесийн салбарын өсөлт дахин удаашрах эрсдэлд хүргэх үү?-Монгол Улс шиг зах зээлийн эдийн засагт төрийн зохистой оролцоо ямар байх ёстойг тогтоох нь зөв байх. Төрийн оролцоо их байвал бизнесийн салбарын өсөлт удаашрах эрсдэлтэй. -Манай улсад томоохон төслүүд эхлээд гацсан тохиолдол цөөнгүй. Ийм нөхцөлд хүргэхгүйн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?-Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд олон жил болдог. Тийм болохоор анхнаасаа хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгө мөнгөө зөв тооцох хэрэгтэй. Мэдээж олон жил хэрэгжүүлж байгаа болохоор анх тооцсон зардал нь өсдөг, энэ нь төгрөгийн ханшны сулрал, үнийн өсөлт зэрэг олон шалтгаантай. Хэрэгжүүлэх явцдаа санхүүжилт нь зогсох эрсдэлтэй байдаг.Томоохон төсөл хэрэгжүүлэхдээ тууштай, тооцсон хугацаанд хэрэгжүүлж, санхүүжилтийг нь ч шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй замын талаас зардал нь өсчихлөө гээд зогсоох эрсдэл өндөр байдаг. Мөн хяналтаа сайн тавих хэрэгтэй. Монголчууд бид томоохон төслийг бага зардлаар маш хурдан богинохон хугацаанд хэрэгжүүлэх гээд байдаг. Урт хугацаанд хэрэгжүүлэх тэвчээр нь дутдаг байх. -Ярилцсанд баярлалаа.