Ураны төслөөс монголчууд 2028 оноос ногдол ашиг хүртэнэ

0

УИХ Засгийн газарт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олголоо. Ингэснээр Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхтэй болж байгаа юм.Тус төслийн анхны хөрөнгө оруулалт ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш дөрвөн жилийн хугацаанд хийхээр тусгажээ. Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирсон байна.Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх аж. Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ. Мөн татвар, санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон байна.Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгоно.Ураны төслөөс НӨАТ авах боломжгүй. Учир нь Засгийн газар шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүний ангилалд оруулаагүй юм. Мөн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын ашгийг 2028 оноос эхлэн авч эхлэхээр тооцоод байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *