Өөрийгөө гэмт хэрэгт өртсөн мэт худал мэдүүлэг өгч, бусдын эд хөрөнгийг завшсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө гэмт хэрэгт өртсөн мэт худал мэдүүлэг өгч, бусдын эд хөрөнгийг завшсан байж болзошгүй иргэний үйлдлийг илрүүлэн шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 5-нд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт иргэнээс “Үл таних хоёр хүн дөрвөн сая төгрөгийг минь дээрэмдэж авч явсан” гэх мэдээллийг ирүүлсэн байна.
Уг гомдол мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Т
нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Цагдаагийн ахлах дэслэгч Б.Уранцацрал хэллээ.
Өнгөрсөн онд эрх бүхий байгууллагад худал дуудлага, мэдээлэл өгсөн 10,108 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 10,298 иргэний үйлдэлд 514.9 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бол мөрдөн шалгах ажиллагааны явцад
зориуд худал мэдүүлсэн 24 иргэний үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Иймд гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага мэдээлэл өгөхгүй байж, үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг санууллаа.