“Агаарын бохирдол хавдар үүсгэгч болох нь” сэдвээр Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг илтгэл танилцууллаа
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.Уг ажлын хэсгээс Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
“Агаарын бохирдол хавдар үүсгэгч болох нь” сэдвээр Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг илтгэл танилцууллаа. Түүний илтгэлээс онцолбол:
- Монгол Улс нийт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд 52 дугаарт, харин нас баралтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
- Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хавдар их. Дэлхийд хөх, бүдүүн шулуун гэдэс, уушги, элэг ходоодны хавдар түгээмэл.
- Агаарын бохирдол амьсгалын замын гол эрхтэн болох уушгины хавдар үүсгэдэг гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон.
- 2004-2023 оны хооронд дахь уушгины хавдрын өвчлөлийг харвал аажим, тогтвортой нэмэгдсэн байдал ажиглагдаж байгаа.
- Уушгины хавдрыг үүсгэдэг олон хүчин зүйл байдал. Хамгийн гол нөлөөлөл нь тамхидалт. Өөр нэг эрсдэлт хүчин зүйл нь агаарын бохирдол. Агаарын бохирдол уушгины хавдар үүсгэж байгаа гэх Монгол Улсад хийсэн судалгаа алга.
- Түркийн судлаачдын “Дунд ба өндөр орлоготой улсуудад агаарын бохирдол уушгины хавдрын өвчлөлд нөлөөлөх нь” сэдвээр хийсэн судалгаа ажил байна. Үүнд, 1990-2019 оны тоон мэдээллийг цуглуулаад гадаад орчны агаарын бохирдол уушгины хавдарт илүү нөлөөлж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
- 2015-2017 онд хийгдсэн өөр нэг шинэ сонирхолтой судалгаа байна. Үүнд Монгол болон баруун Европын орнуудаас цуглуулсан 379 элэгний хавдрын эсэд молекулын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийхэд зөвхөн Монгол Улсаас ирүүлсэн 179 сорьцоос нүүрсний шаталтаас үүсдэг диметил сульфид хэмээх бодисоос үүссэн шинэ мутац илэрсэн тухай судалгааны өгүүлэл нийтлэгдсэн байна. Тэгэхээр 4 хавдар тутмын 1-д ийм мутаци үүссэн байна. Тэгэхээр агаарын бохирдол элэгний хавдар үүсэхэд нөлөөлж байна уу гэсэн шинэ судалгаа нийтлэгдсэн байна.