МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон А.Амартөгс гэж хэн бэ
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлыг сонгосон билээ. МҮХАҮТ-ыг гүйцэтгэх түвшинд удирдан чиглүүлэх захирлаар Амгалангийн Амартөгсийг 72 хувийн саналаар сонгогджээ.
А. Амартөгсийн хувьд Өмнөговь аймгийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн байна. Улмаар Удирдлагын академийг хүний нөөцийн менежерээр, 2017-2020 онд АНУ-д Pheonix Их сургуулийн бизнесийн магистр хамгаалсан байна.
Тэрбээр ажлын гараагаа Мобиком компаниас эхэлжээ. 2008-2012 онд тус компанийн хүний нөөц, сургалтын мэргэжилтнээр ажилласан. Компанийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах, хэрэгжилт, үр дүнг хянах, тайлагнах ажлыг хариуцан хийж байжээ.
Дараа нь Скайтел компанийн Хэрэглэгчийн үйлчилгээний газрын захирлаар 2012-2015 онд ажилласан байна. Хөдөлмөрийн харилцааг удирдах, дотоод дүрэм журам боловсруулах, хяналт тавих, цалин, сургалт, хөгжүүлэлтийн бодлого боловсруулах ажлыг хариуцаж байв.
Үүний дараа “Алтан Жолоо Импекс” компанийн Маркетинг борлуулалтын албаны захирал болж, компанийн маркетинг борлуулалтын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, брэнд бүтээгдэхүүний маркетинг, зах зээлийн судалгааг хийх, зохион байгуулах ажил руу оров. Өөрөөр хэлбэл, хүний нөөц, хөгжлийн төлөвлөлтөөс маркетинг, борлуулалт, бизнесийн зах зээлийн судалгааны ажил руу шилжжээ.
2021 оноос “Killer Williams Mongolia” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэв. Компанийн стратеги, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, сонгон шалгаруулалт хийх, сургаж хөгжүүлэх, санхүүгийн тайлан тооцоолол гаргах зэрэг захирлын түвшний ажил хийж, компанийг удирдан чиглүүлэхэд анхаарч ажилласан жилүүд 2023 оныг хүртэл үргэлжилжээ.
Улмаар 2023 оноос Creative consulting institute-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.