О.Алтангэрэл: Р.Чингис генералын гэм буруугүй нь шүүхээс тогтоогдвол ажлаас чөлөөлсөн хариуцлагыг би хүлээнэ

0

Энэ сарын 11-нд Сүхбаатарын талбай дээр “Засгийн газар огцор” жагсаал болсон. Уг жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис санхүүжүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, түүний мэдэгдлийн дараахан Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.

Тэгвэл Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингисийг жагсаал санхүүжүүлсэн эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр “Лхагвын тойм” ярилцлагын үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн. Ингэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулсан, эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой зүйл мэдэгдэж байгаа. Ерөнхий сайдыг мэдээллээр хангадаг хэд хэдэн субьект бий. Үүнээс мэдээлэл авсан байна гэж ойлгосон. Тийм буруутгалд өртсөн хүн ажлаа хийгээд явах бололцоогүй.

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Кабинетдээ хэнийг байлгах эсэхээ сонгоод үйл ажиллагаагаа явуулж байгаа хүн. Р.Чингис генералын гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд маш ноцтой мэдэгдэл хийсэн тул чөлөөлж шалгахаас өөр аргагүй. Шалгаж байгаа. Гэхдээ гэм буруутайг шүүх тогтооно. Шүүхээс энэ гэм буруугүй нь тогтоогдоод, энэ үйлдэлд холбогдолгүй гэж үзвэл чөлөөлсөн хариуцлагыг О.Алтангэрэл миний бие” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *