Н.Мандуул: Дүүргийн айл өрхүүдтэйгээ хамтраад шинэ шийдлүүдийг туршиж үзэхийг зорьж байгаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай “Сэлбэ хороолол”-ын бүтээн байгуулалт, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцлаа.
————————————————————————
-Та Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгсөөд тэтгэлгээр гадаадад эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Мөн олон жил Сангийн яаманд ажилласан. Таны үндсэн мэргэжил одоогийн ажилд таны ямар давуу талыг үүсгэж байна вэ?
-Аливаа ажлыг захиргаадалтын хэлбэрээр бус эдийн засгийн хөшүүрэг талаас нь яаж хийх вэ гэдгийг харгалзан үзэх боломжийг олгодог. Би саяхан орон нутгийн сонгуулиар нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод улс төрийн албан тушаалтан болсон. Чингэлтэй дүүрэгт Засаг даргаар ирээд гурван сар болсон ч өөрийн үндсэн мэргэжлийн давуу талыг гаргаж ажиллахаар хичээж байгаа. Ер нь бодлогын томоохон шийдвэрүүд иргэдийн амьдралд хэрхэн тусдагийг дүүргээс илүү бодитой хардаг юм байна.
Зарим шийдвэрүүд нь хөрсөн дээрээ буудаггүй бол зарим нь тооцоолоогүй үр дүн дагуулах жишээтэй. Дүүрэг дээр ирээд иргэдтэйгээ тулаад ажиллахад нэг талдаа үр дүн гаргахад хурдан юм шиг санагдсан. Иргэдэд тулгамдаад буй асуудлыг ямар нэгэн өнгөлөн далдлалтгүй, хэн нэгэн дамжуулагчгүйгээр сонсоод, ойлгоод ажил хийх боломжтой. Төр засгийн аливаа шийдвэр эцсийн дүндээ иргэдийн аж амьдралыг сайжруулахад л чиглэдэг шүү дээ. Үүнд хүрч ажиллахад дүүрэг илүү давуу талтай.
-Чингэлтэй дүүрэгт томилогдож ирээд ажиллахад нөхцөл байдал ямар байв?
-Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа байгууллагууд бол фронт дээр байгаа явган цэргүүд л гэсэн үг. Гэхдээ зарим албан хаагчдын ур чадвар дутуу, эсвэл дээрээс гаргасан бодлогыг наашаа ирэхэд нь ойлгож, хэрэгжүүлж чадаагүй байх зүйлс ажиглагдсан. Бид иргэдээ илүү сонсох замаар шийдвэр гаргалтад тэдний оролцоог тусгах тал дээр анхаарах ёстой гэж дүгнэлт хийсэн. Ер нь бол “20 минутын хот” концепцийн гол үзэл санаа чинь өөрөө иргэдийн оролцоо байхгүй юу. Би эндээс даргын дүрд ороод шууд тушаал гаргахаас илүүтэй иргэдийнхээ санал, бодол дээр тулгуурлахыг л эрхэмлэдэг. Жишээ нь, энэ газарт ногоон байгууламж, машины зогсоол хоёрын алийг баривал хэрэгтэй вэ гэх асуултыг тавих нь чухал. Тэдгээр хүмүүс тухайн газар нутагт амьдарч, өдөр тутмынхаа цагийг өнгрөөж байгаа юм чинь биднээс илүү сайн мэдэж байгаа шүү дээ.
-“Сэлбэ хороолол”-ын бүтээн байгуулалт ямар шинэ боломжуудыг бидэнд өгч байна вэ?
-Зөв дэд бүтцийг бий болгох гэж ойлгож болно. Манай хот яагаад ийм шигүү, чигжүү байгаа вэ гэхээр дэд бүтэц. Дэд бүтцээ дагаад манай хотын хөгжил баруун зүүн тал болон Яармаг руу тэлсэн. Гэтэл үүн дээр сүүлийн 30 жилд замбараагүй хот төлөвлөлт явагдсан. Үүнээс болоод явган хүний замгүй, ногоон байгууламжгүй, сургууль, цэцэрлэггүй болчихсон. Бодит жишээ бол “Яармаг” байна. Манай дүүргийн хувьд нэг онцлог, давуу талтай. Сэлбэ дэд төвийг түшиглээд бид цоо шинээр хот төлөвлөлтийг хоосон газраас хийх боломж бүрдсэн. Дүүргийн хувьд хотын төвөөс явахад гайгүй ойрхон. Одоо бид 150 га газрыг чөлөөлөөд дуусч байна. Гэхдээ энэ газарт өмнөх шиг алдаатай төлөвлөлт хийхгүй. Энэ сардаа багтаад бүх төлөвлөлт дуусчихаар хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ер нь бол ирэх гурван жилдээ багтаад гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ хороолол”-ын ажлыг дуусгана гэх зорилт тавьсан. Ингэснээр 12000 айлын орон сууц баригдаж, хажуу талын гэр хорооллын газруудыг нэмж чөлөөлж эхэлнэ. Эндээс л гэр хорооллыг халах энэ ажлын суурь нь бат бөх тавигдах ёстой. Бид энэ төлөвлөлтийг гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн бодитой боломж гэж үзсэн.
-Яг үнэндээ улстөрчдийн гэр хорооллыг хална гэдэг үгэнд иргэд 10 гаруй жил хууртсан шүү дээ. Иргэд танд итгэж байна уу?
-10 жил гэдэг бол бага хугацаа биш. Тиймээс одоо ч зарим хүмүүс итгэхгүй байгаа. Бидний зүгээс эхлээд хийж үзүүлэх ёстой. Үүн дээр дахин бүтэлгүйтэх юм бол иргэдийн итгэл бүр алдарна шүү дээ. Би өөрөө энэ хотод насаараа амьдарч байна. Тиймээс хотдоо нэг ч гэсэн гэрэл гэгээтэй зүйл хийхийг юу юунаас илүү хүсдэг.
-Та хотын орлогч дарга байхдаа гадаад бонд босгож 500 сая ам.долларыг Монгол банкны дансанд хийж “Сэлбэ хороолол”-ын санхүүжилтийг шийдсэн. Одоо төлөвлөлт нь ямар шатандаа явж байна вэ?
-Төлөвлөлт бол олон улсын стандартын дагуу хийгдээд дуусч байна. Удахгүй бид олон улсын тендер зарлаад эхлэхээр туршлагатай компаниуд ирж ажиллана. Би өөрөө дүүрэг дээр байгаагийн хувьд өдөр бүр хяналт тавиад явна. Бидний хувьд сонгуульд “Сэлбэ хороолол”-ыг босгоно гэсэн уриатай оролцсон. Заавал амласандаа хүрнэ. Энэ ажил маань өөрөө Улаанбаатар хотын гэр хороолол, утаа, хөрсний бохирдол, нүхэн жорлонг байхгүй болгох гол эхлэлийн цэг болно оо гэдэгт итгэл төгс байгаа. Манай дүүрэг Сэлбэ хорооллоо түшиглээд ажиллахад Зайсангаас илүү болох ёстой юм л даа.
-Та сая олон улсын тендер зарлана гэлээ. Манайх ажиллах хүчний хомсдолтой учраас тэр үү?
-Тийм. Манай улс мэргэжлийн боловсон хүчний хомсдол ихтэй. Жишээ нь, цалин багатай учраас инженерүүд нь ирдэггүй ч юм уу… Тийм учраас нийслэлийн зүгээс олон улсын компанитай хамтарч хийж байгаа. Төлөвлөлтөө хийсний дараа олон улсын тендер зарлах гээд байгаа маань ийм учиртай. Ер нь нэгэнтээ л хийж байгаа юм чинь хийсэн шиг хийх хэрэгтэй.
-Энэ албан тушаалд шинээр ирээд удаагүй байгаа ч гэсэн иргэдтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсож амжив уу?
-Иргэдийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол амьдрах орчин амьдралын чанарт нөлөөлөх шүү дээ. Тиймээс хэд хэдэн чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй болсон. Юун түрүүнд боловсролын хүртээмж, чанарт маш сайн анхаарах. Манай дүүрэг харьцангуй гайгүй. Гэхдээ ихэнх сургуулиуд хуучирсан учраас шугам хагараад, дээвэр дээрээс ус гоожоод байна гэх мэт ахуйн асуудал ихтэй. Тийм ч учраас яаж боловсролын программдаа энэ сургалтын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх вэ, тэнд гарсан шинэ ололтыг хэрхэн эмнэлэгтээ нэвтрүүлэх вэ гээд бодож байх ёстой хүмүүс уулзахаар ахуйн асуудлаа л яриад байдаг. Яалт ч үгүй хэвийн үйл ажиллагаагаа явуулах наад захын ахуйн нөхцөл боломжийг нь олгохгүй байгаа л даа. Би бол дүүргийн Засаг даргын хувьд ахуйн энэ мэт асуудлуудаас амин чухал салбаруудаа салгах хэрэгтэй гэж ойлгоод байгаа. Ингэж байж л тухайн хүмүүс яг мэргэжлийн асуудал руугаа илүү анхаарч чадна.
-Танай дүүргийн хувьд “Сэлбэ хороолол”-оос өөр ямар зорилтуудыг тавьж ажиллаж байна вэ?
-Манай дүүргийн иргэдийн тал орчим хувийг хүүхэд залуучууд эзэлдэг. Нийт хүн амынх нь 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Тиймээс энэ тал руугаа чиглэсэн ажлуудыг хийх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол руу нь илүү анхаарах бодолтой байгаа. Мөн манай дүүрэг бүх ерөнхий боловсролын сургуулиудаа усан бассейнтэй болгоно гэсэн том зорилтыг тавьсан. Намайг ирэхээс өмнө эхэлсэн ажил ч гэсэн би үргэлжлүүлээд хийнэ. Мөн гэр хорооллууд дээр НҮБ-тай хамтран ногоон эрчим хүчээр дулаалгын асуудлыг шийдэх хөтөлбөр эхлүүлэх гээд ажиллаж байна. Нэг ёсондоо нарны эрчим хүчний халаагуурыг нэвтрүүлэхээр зорьсон. Дүүргийн зүгээс айл өрхүүдтэйгээ хамтраад шинэ, шинэ шийдлүүдийг туршиж үзэхийг зорьж байна.
-Ер нь аливаа ажлыг хийхэд хэн хамгийн их үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагдаж байна вэ?
-Том зургаар харах юм бол энэ дүүрэгт оршин сууж байгаа иргэд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг. Бид энд мянган гоё бодлого, хөтөлбөр боловсруулаад иргэд дэмжихгүй бол ямар ч хэрэггүй цаас болно. Миний нэг чухал ажил бол иргэдтэйгээ уулзаад тэдэнд хийх гэж зорьж байгаа зүйлээ ойлгуулах явдал юм.