Тооцоолол: 2.5 саяын цалинтай иргэн сард 496 мянган төгрөгийг НДШ, ХХОАТ-т төлнө

0

Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх нь төрийн үүрэг. Харин төрдөө татвар төлөх нь бидний үүрэг байдаг. Энэ нь ёс зүйн хувьд буруу зүйл биш. Гэхдээ татвар өндөр, амьдралын чанар таатай бус болоод ирмэгц энэ тогтолцоо нь иргэдийн тамирыг барж, бизнес эрлэгчдийг сөхрүүлэх эрсдэлтэй.

Тиймээс бид ямар хэмжээний татвар төлж байгаа. Тэр нь ямар дарамтыг үүсгэж буйг тооцоолдог, хардаг байх шаардлагатай.

Энэ хүрээнд бид энэ удаад хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай ажилчин сард хэдэн төгрөгийн татвар, даатгалын шимтгэл улсад төлж байгааг тооцоолон хүргэж байна.

Өнөөдөр Монгол Улсад жирийн ажилчин анги зөвхөн ажлаа хийж явахдаа цалингаасаа хоёр төрлийн татвар буюу ХХОАТ, ЭМД, НДШ төлдөг. Харин ажлаас гадуур буюу автомашины, зам ашигласны, бэлэглэлийн болон өв залгамжлалын гээд хөдлөх бүрдээ өөр олон төрлийн татварыг төлж байдаг.

-2.5 сая төгрөгийн цалинтай бол сард 496 мянган төгрөгийн татвар, даатгал төлнө-

Тэгвэл сард хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авдаг иргэн хэдэн төгрөгийн татвар, даатгалын шимтгэл төлж буйг тооцоолж үзье.

  • Ажилтан цалингаасаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд  /ЭМД, НДШ/ 11,5 хувь,
  • хувь хүний орлогын албан татварт /ХХОАТ/ 10 хувийг суутгуулдаг.

Тэгэхээр хоёр сая 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажилтан сар бүр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь буюу 287 мянга 500 төгрөг төлнө. Ингээд ажилтны үндсэн цалин хоёр сая 212 мянган төгрөг болно. Үүнээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 221 мянга 250 төгрөгийг тооцуулж, ХХОАТ-ын хөнгөлөлт болох 12 мянган төгрөгөө хасаад үлдсэн 209 мянга 250 төгрөгийг төлнө.

Энэ хоёр татварт нийт 496 мянга 750 төгрөг суутгуулаад хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай иргэн гар дээр хоёр сая 3 мянга 250 төгрөгийн цалин авдаг байх нь.


-Ажил олгогч, 2.5 сая төгрөгийн цалинтай ажилтан хоёр нийлээд сард 800 мянган төгрөгийн татвар төлж байна-

Харин ажил олгогч 2.5 сая төгрөгийн цалинтай ажилтны ЭМД, НДШ-д 12.5-14.5 хувийг төлнө. Төлөх хувийн хэмжээ нь ажилтны ажиллаж буй үйл ажиллагааны чиглэл болон хүнд хортой нөхцөлд ажиллуулдаг эсэхээс хамаарч өөр өөр байдаг.

Манай ихэнх төрийн болон хувь байгууллагууд ЭМД, НДШ-п 12.5 хувийг төлдөг. Үүнийг хувааж тооцоолбол, байгууллага хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай ажилтан нэг бүрд 312 мянган төгрөгийн татварыг улсад төлдөг байна.

Үндсэндээ нэг сард ажил олгогч, ажилтан хоёр нийлээд зөвхөн ЭМД НДШ-д сард 600 мянган төгрөг, жилд долоон сая 200 мянган төгрөг төлдөг байгаа юм. Үүн дээр ХХОАТ-ыг нэмж үзвэл хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай нэг иргэн бүр сардаа 808 мянга 750 төгрөгийн татварыг улсад төлж байна.


-300 мянгаас 2.6 сая хүртэлх цалин гурван жил авсан хүн даатгалд 9.1 сая төгрөг төлжээ-

Харин хоёр жил татвар төлж буй сэтгүүлч би өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд,

Анх 300 мянган төгрөгийн цалин авч үүнээсээ 72 мянган төгрөгийн шимтгэл төлж эхэлсэн байгаа юм. Харин 2022 оны дөрөвдүгээр сараас 700 мянган төгрөгийн цалин авч түүнээс 168 мянган төгрөгийн шимтгэл төлсөн байна. Ингэж явсаар цалин нэг сая 644 мянган төгрөг болж нэмэгдэхэд 394 мянга 605 төгрөгийг шимтгэлд төлдөг болжээ. Хамгийн сүүлд миний бие хоёр сая 614 мянган төгрөгийн цалин авч үүнээсээ 627 мянган төгрөгийн даатгуулагчийн төлөх шимтгэлд төлсөн байна.

 Жилээр нь авч үзвэл сэтгүүлч би даатгалын шимтгэлд:

  • 2022 онд хоёр сая 96 мянган төгрөг,
  • 2023 онд гурван сая 1 мянган төгрөг,
  • 2024 онд дөрвөн сая 29 мянган төгрөг,

нийтдээ есөн сая 126 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *