Монголын Ерөнхийлөгч таалал төгсөхөд МҮОНРТ дуугарсангүй
Өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төрийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 83 насандаа хорвоог орхиж, монгол түмэнд хүнд гарз тохиосон билээ. Тэнгэр болоочийн хойноос эрүүл саруул сэтгэлгээтэй, эх орондоо хайртай хүмүүс эмгэнэн гашуудаж, сэтгэл сэмрэн үлдсэн бол хар хорын цаламд хүлэгдсэн хүн дүрстэй хүйтэн дотортнууд цахим орчноор нэг таагүй үгс цацаж, тэчъяадан хөөрцгөөв. Хэдийгээр монгол хүн өөд бологсдын хооноос өөдгүй үг хэлэх нь бүү хэл, өстөн хонзонтон байлаа ч өөнтөглөж буруутгаж бодолгүй сэтгэлээ чандалж өнгөрөөдөг нандин чанартай байсан ч өдгөө нэгэнтээ цаг үе хийгээд хүний чанар эрс өөрчлөгдсөн нь энэ өдрүүдэд харагдлаа. Магадгүй нийгмийн цахим сүлжээний нөлөөгөөр урьд өмнө байсан ч төдийлөн олон нийтэд ил гардаггүй байсан зүйл хэт задгайрч байж ч болох юм. Гэвч эдгээр агуулгууд энэ удаад тийм ч сонин биш.Хамгийн харамсалтай нь, Монгол төрийн анхны Ерөнхийлөгч таалал төгсөөд бүхэл бүтэн гурав хонож байхад Монголын олон нийтийг төлөөлдөг хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгсэл МҮОНРТ албан ёсны эмгэнэл гаргасангүй. www.mnb.mn сайтад ёс төдий жижиг мэдээ гарсныг эс тооцвол эдгээр өдрийн албан ёсны мэдээллийн хөтөлбөрөөр үндэсний хэмжээний гашуудалт энэ мэдээг огт дурдсангүй. Харин 2025.01.17-ны баасан гарагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах тухай, 2025.01.18-ны бямба гарагийн хөтөлбөрөөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярьсан тухай, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Иран улстай түншлэлийн хэлэлцээр хийсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарав. Монголын анхны Ерөнхийлөгч таалал төгссөн тухай мөн л таг чиг. Хэдийгээр П.Очирбат агсан Ерөнхийлөгчийн албанаас буугаад олон жилийг үдсэн ч улс төр, нийгмийн амьдралд байгуулсан гавьяа, бүтээсэн үйлс, түүхэнд гүйцэтгэсэн үүргээрээ цаг ямагт Төрийн тэргүүний эрэмбэ нь хадгалагдсаар байх учиртай. Өнөөдөр хашсан албагүй, өндөр настай болсон, өвчин хуучаар өөд болсон бол хэн ч биш, хэнд ч хамаагүй болох ёсон үгүй. Ялангуяа, олон нийтийн статустай мэдээллийн хэрэгсэл энэ түүхэн хүнийхээ хойноос ганц эмгэнэл ч гаргахгүй өнгөрнө гэдэг дэндүү их гутамшиг юм. Арай улс төржсөн агуулгаар ингэж алмайраагүй л байлтай.Ер нь манай МҮОНРТ-ийн үе үеийн захирлууд үндэсний хэмжээнд өрнөж буй чухал үйл явдал гэхээсээ илүүтэй өөрсдийн хийж буй аж ахуйн ажлын мэдээгээр “Цагийн хүрд”-ийг дүүргээд байдаг нэг муу талтай. Энэ удаад ч тэр жишиг давтагдаж, одоогийн захирал Г.Гэрэл Ерөнхийлөгчийн айлчлалаар БНТУ-д очиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй талаараа яриад өөрөө гараад байгаа. Тэд нийгмийн шилжилтийн чухал үед түүхэн үүрэг гүйцэтгэсэн анхны Ерөнхийлөгч таалал төгссөн тухай мэдээгүй биш мэдсэн л байж таарна. Гэвч яагаад үл тоож буй нь хачирхалтай.Харин хаа очиж, муу нэртэй луу данстай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэр оройноо хилийн чанадаас анхны Ерөнхийлөгчийнхөө үйл хэрэг, үлдээсэн өвийг тодоос тод илэрхийлсэн эмгэнэл, дурсамж бичсэн нь ураны сэдэвтэй хавсран улангасан галзуурч байсан доромжлолыг хамаагүй зөөлөлж өгөв. Энд бас л нам, улс төр хамаарахгүйгээр сэтгэлийн чанар үнэртэж байгаа юм.Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бямба гараг /2025.01.18/-т, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ням гараг /2025.01.19/-т тус тус цахим хуудсаараа эмгэнэл илэрхийлсэн. Харин өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны вэб сайт, нийгмийн цахим сүлжээгээр ямар ч эмгэнэл үзэгдсэнгүй.Хэн нэг хувь улстөрч бусдын уй гашууг хуваалцаж, эмгэнэх гашуудах эсэх нь түүний хувийн асуудал. Харин бүхэл бүтэн улс төлөөлж байгаа Засгийн газар хэдий амралтын өдөр таарсан ч энэ удаа заавал ёс уламжлалаа дагаж, төрөө төлөөлж эмгэнэл илэрхийлэх л учиртай. Төр нийгмийн зүтгэлтэн үү, жирийн иргэн үү гэдгээс үл хамаараад бусдын үхэл хагацлын үед ямар нэг эмгэнэл илэрхийлдэггүй уламжлалтай байсан бол хамаа алга. Гэтэл үгүй. Монголчууд, Монголын төр бусдын уй гашууд, тэр дундаа төр-нийгэмд хүндтэй байр суурь эзлэх хүмүүсийнхээ хойноос ёс төртэйгээр гашуудал илэрхийлсээр ирсэн түүхэн уламжлал, дэг жаягтай шүү дээ.Харамсалтай нь, өнөөдөр олон нийтийн дунд овлигогүй муухай үзэгдэл гаарч. Төр засгийн үзэл хандлага ч гашилж. Түмэн олныхоо дуу хоолой болдог хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч үндсэн үүргээсээ гажиж орхижээ.2025.01.19