Олон намын төлөөлөлтэй, хамтарсны үр дүн гарч эхлэв
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент Засгийн газраа байгуулахдаа ч хамтарч байгуулсны хүчинд өнөөдөр олон жил гацсан төмөр зам, ураны төслүүд урагшилж, үр дүн гарч эхлэв.
Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс ураны салбарт том тоглогчдын нэг болох эхлэл тавигдаж байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд түүхэн ач холбогдолтой энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ “Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслийг ийнхүү амжилттай гараанаас хөдөлгөлөө” хэмээн онцолсон нь учиртай.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. МАН олонхын суудал авсан ч Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулаад шинэ оны босгон дээр 100 хоногтойгоо золгосон. Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх амбицтай байгуулсан. Олон жил гацсан мега төслүүдийн гацсан шалтгааныг олж, улс төрийн намууд зөвшилцөж, үр дүнд хүрч эхэлж байна. Үүнийг 126 гишүүнтэй парламент ч дэмжиж ажиллав. Ийнхүү хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн 14 мега төслийнхөө гурвыг нь гараанаас гаргаж чадсан юм. Улс төрийн олон намын төлөөлөлгүй байсан бол энэ төслүүд хөдөлж чадах байсан уу гэдэг эргэлзээтэй. Зөвхөн ураны төсөл гэхэд нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авч ирэх эхлэл цэг, эхлэл цан болж байгаагаараа онцлог юм.
Одоо монголчууд мега төслүүд, том хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилтэд анхаарч, Монгол Улсад ашигтай байхад анхаарлаа хандуулах нь нэн чухал.
Өнгөрсөн түүхийг авч үзвэл улс төрийн олон намын тогтолцоотой ч улс орны эдийн засаг, олон нийтийн эрх ашигт нийцсэн том төслүүдээ хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед, улс төрийн хамтралтай жилүүдэд эхлүүлж, хэлэлцэж, баталж байсан түүхтэй. Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед Ардчилсан намтай хамтарсан үедээ Оюутолгой төслийн гэрээг үзэглэж байсан түүхтэй. Харин МАХН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газрын үед Чингис бонд босгож эдийн засагт шинэчлэл авчирсан томоохон төслүүдийг хөдөлгөж байв.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАН, МАХН-тай хамтарсан үедээ Эрдэнэт үйлдвэрийг Монголдоо авчирсан түүхэн шийдвэр гаргаж байв. 100 хоногтойгоо золгож буй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорилго тавьсны эхлэл нь оны төгсгөлд парламентад олон жил маргаантай, улс төрийн босго давж чадаагүй явж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төсөл болон Францын Орана групптай хамтран хэрэгжүүлэх ураны хөрөнгө оруулалтын төслүүд болж байна. Өөрөөр хэлбэл, улс төр, бизнес, хил дамнасан олон жилийн талцал болж ирсэн том төслүүдийг хамтарсан Засгийн газар ийнхүү эхлүүлж, ажил хэрэг болгохоор том амбацтайгаар ажиллаж байна.
Хамтарсан Засгийн газар, олон намын төлөөлөлтэй парламент намрын чуулганы хугацаанд улс төрийн гацаанаас гарч, том төслүүдээ хөдөлгөж эхэлсэн нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн юм.