П.Мөрөн: Техникийн саатал гарсан ч замаа дуусгаж чадлаа
Авто спортын олимп гэгдэх “Дакар Ралли 2025”-ын мотоциклийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн П.Мөрөн эх орондоо ирлээ.
Энэ жилийн тэмцээн Саудын Араб улсад болсон. 47 жилийн түүхтэй авто уралдаан зургаа дахь удаагаа Арабын хойгийн нутагт болсон юм.
Манай уралдаанч 14 хоногийн турш 8,000 км замыг 101:21:18 цагаар барианд орж, 76 дугаар байрт орсон билээ.
П.Мөрөн “Дакар 2025” уралдааны талаар “Энэ тэмцээнд оролцохын тулд нийт 26 хоног яваад ирлээ. 14 хоногийн турш 8,000 км замыг 60 гаруй орны тамирчид уралдаж, өрсөлдлөө. Техникийн саатал гарсан ч замаа амжилттай дуусгасан.
“Дакар” уралдаанд мотоциклийн төрлөөр мөрөө гаргасан Монголын долоо дахь тамирчин, хамгийн залуу нь гэдгээрээ онцлог байлаа. Ах нарынхаа амжилтыг буухиалаад 145 тамирчнаас барианд орсондоо баяртай байна” гэж онцоллоо.
Сонирхуулахад “Дакар”-т монголчууд 2013 оноос мөрөө гаргаж эхэлсэн. Хамгийн анх Монгол Улсын гавьяат тамирчин
Д.Болдбаатар, Олон улсын хэмжээний мастер (ОУОХ) Н.Лхамаа нар анх энэ жимийг гаргасан бол түүнээс хойш 2014 онд Д. Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, О.Бямбадэлгэр, О.Бямбацогт, Б. Сүрэндорж, Д. Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, О.Бямбадэлгэр, О.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024
онд Ч.Ганзориг нар уралджээ.