М.Ихэртөр: Импортын үнэ өсөхөд суудлын автомашин голчлон нөлөөлсөн

0

Монгол Улс 2024 онд нийт 163 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 27.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар байгаа юм.2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай Монгол Улсын нийт импорт 11.6 тэрбум ам.доллар гэж гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум ам.доллароор буюу 25.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортын өсөлтөд чухам ямар бараа, бүтээгдэхүүний үзүүлэлт өссөн талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын Мөнгө санхүү үйлчилгээний хэлтэст Гадаад худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн М.Ихэртөрөөс тодруулсныг тоймлон хүргэе.

Авто машины импорт 1 тэрбум ам.доллар давжээ

Импортын үнэ өсөхөд суудлын автомашины худалдан авалт их нөлөөлсөн байна. Манай улс нийт 396 сая ам.доллароор суудлын автомашин, 89 сая ам.доллароор ачааны автомашин, 186 сая ам.доллароор дизель түлш, 148 сая ам.доллароор бульдозер, экскаватор зэрэг хүнд даацын автомашин, 121 сая ам.доллароор авто бензин импортолсон нь үнийн өсөлтөд голчлон нөлөөлсөн.Нийт импортын 21.7 хувь нь машин, тоног төхөөрөмж, эд ангийн бүлгийн бараа эзэлж байгаа юм. Нийт импортын 9.2 хувь нь суудлын автомашин байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл нэг тэрбум ам.доллар давж байна. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай Монгол Улс 123.1 мянган ширхэг суудлын авто машин импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тоон хэмжээгээр 67.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

Согтууруулах ундааны импорт 82.4 сая ам.доллар

Монгол Улсын нийт согтууруулах ундааны импорт 82.4 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 82.4 сая ам.долларыг нийт 44.6 сая литр согтууруулах ундаа импортолсноос 37 сая литр нь шар айраг байна. Энэхүү тоо нь өмнөх онтой харьцуулахад 47.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Янжуур тамхины импорт 67.7 сая ам.доллар

2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр нийт 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 215.1 сая ширхгээр буюу 5.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үнийн дүнгээр авч үзвэл нийт 67.7 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 сая ам.доллароор буюу 3.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.Нийт 11.6 тэрбум ам.доллар гарснаас 4.7 тэрбум ам.долларын импортыг БНХАУ-аас, 2.8 тэрбум ам.долларын импортыг ОХУ-аас, 1.2 тэрбум ам.долларын импортыг Япон улсаас, 535.2 сая ам.долларын импортыг АНУ-аас, 255.1 сая ам.долларын худалдан авалтыг Герман улсаас тус тус хийсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *