VS: Газрын тос боловсруулах үйлдвэр ТЭЗҮ-гүй, ТЭЗҮ-тэй

0

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгахад Энэтхэг улсаас нэмэлтээр 462 сая ам.доллар авах шаардлага үүсч, Засгийн газар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэж буй. УИХ-аар зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх үед газрын тос боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийг харсан хүн байхгүй гэдэг асуудал тавигдах болсон. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нарын байр суурийг онцоллоо.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Олон зуун сая төгрөгийг  төсөл удирдагчид нь сайхан хүмүүс байна, зураад явуулчихая гэдэг тэнэглэлээ эрх баригчид зогсоох ёстой. Энэ төслийн ТЭЗҮ –ийг үзсэн нэг ч хүн байхгүй, энэ тав зургаан жилд. ТЭЗҮ тооцоо судалгаа үндэслэлгүйгээр зээлийн хэлэлцээрийг баталбал хэрэгт орно. н.Мөнхбат гэж банкны захирлыг ТЭЗҮ-гүй төсөлд зээл өгсөн гээд таван жилээр шоронд хийсэн.

Ийм юм оруулж ирсэн Уул уурхайн яамныханд хариуцлага тооцох ёстой. ТЭЗҮ судалгаа, үндэслэл, тооцоо дүгнэлт юу ч байхгүй. Асуухаар улсын нууц. ТЭЗҮ-гүй байхад нь зээлийг соёрхон баталчихаар 126 гишүүн бүгдээрээ шоронд явна шүү дээ.

ТЭЗҮ байхгүй гэдэг нь луйвар л гэсэн үг. Бидний нефтийн үйлдвэртэй болъё гэсэн мөрөөдөл дээр тоглож байна.

Хоёрдугаарт, энэ газрын тосон дээр нөөц байхгүй, ус байхгүй. Голландчуудын тусламжтайгаар 2011 онд усны том  судалгаа хийсэн. Алтан ширээ битгий хэл тэр сав газар ус байхгүй гэдэг судалгаа гарсан.  Дэлхийн банкны 2010 оны судалгаа байгаа, говийн гурван аймагт зориулсан судалгаа мөн ус байхгүй гэж гарсан. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн үү, нуугаад байдаг.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

–Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ 2018 оны сүүлээр батлагдаж, 2019 оноос инженерчлэл эхэлсэн.  Зарим гишүүд олон үндэстэн дамнасан, Энэтхэг, Монгол Улсын төр засгийн төвшинд хэрэгжүүлж байгаа нефть химийн салбарын томоохон тоглогчид технологи хөгжүүлэгчдийн оролцоотой хэрэгжиж байгаа төслийг үгүйсгэж, ТЭЗҮ байхгүй, усны дүн шинжилгээ, байгаль орчны шинжилгээ байхгүй гэж ярьж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл.

Энэ төсөл бол хоёр орны төр засгийн өндөр хяналт дор хэрэгждэг.

ТЭЗҮ нь энэ үйлдвэр барихад хэрэгтэй юу, нийгэм эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ гэдэгт хариулт өгдөг, хамгийн анхан шатны бичиг.

2019 оны сайдын тушаалаар ТЭЗҮ-ийг албаны нууцад авсан. Өгөхдөө процессоо дагаж байгаа. 2023 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигч эрхийг хэрэгжүүлэгч нь “Эрдэнэс Монгол” ХХК болсон. Уул уурхайн яаманд байсан эл төсөлтэй холбоотой бичиг баримтууд “Эрдэнэс Монгол” руу явсан. Түүнийг авахын тулд “Эрдэнэс Монгол”-ын захирал руу “Нууцын журмаар нь энэ гишүүнд өгөхийг зөвшөөрнө үү” гээд албан бичиг явуулсан байгаа. Технологийн лиценз эзэмшигчидтэй бид 50, 100 жилийн нууцлалын гэрээтэй. Технологио алдахгүйн тулд ийм гэрээ байгуулдаг. ТЭЗҮ, техникийн бичиг баримт, стратегийн зэрэглэлтэй обьекттой холбоотой материалыг дуртай нь аваад засаад байдаг юм биш шүү дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *