О.Мөнхжингөөр эхэлж, Б.Идэр-Одыг эрэн сурвалжлан үргэлжлэх койны хэрэг

0

Манай улсын хэмжээнд нийт 73 ширхэг койн гарсан. Одоогоор 36 койны арилжаа хийгдэж буй. Алдарт нүүрсний хэрэг олны анхаарлын төвд орохоос өмнө койны хэргүүд нийгмийн анхаарлыг татсан юм.

Эл хэрэг он дамжин үргэлжилж, өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Монголд зах зээлд гарсан бүхий л койн, токеныг шалгаж байна. Ингэхдээ койны ханш унасныг бус мэдээлэлд ойр байдлаа ашиглан, гэмт хэргүүд үйлдсэн эсэхийг шалгаж байна. Хэрэв үндэслэлтэй хэмээн үзвэл цагдан хорих саналыг прокурорт шалгуулна. Нотлох баримтуудыг цуглуулж, шалгаж байна” хэмээж байлаа.

Тэгвэл уг хэрэг “нүүрсний”, “Хөгжлийн банкны”, сангуудын хэргээр дарагдав. Манай улсын хамгийн том хөрөнгийн салбарын хэрэг гэж тодорхойлсон ч буруудахгүй.

Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй хэмээн үзсэн 26 койн дээр хэрэг нээсэн. Ингэхдээ хоёр койныг гаргасан этгээдүүдийг яллагдагчаар татаж байсан. IHC-гээс өөр ямар койн гаргасан этгээдүүдийг яллагдагчаар татсан нь тодорхойгүй. Бусад койны хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж буй.

-Б.Гантиг, О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр нарыг суллав-

Койны гэх хэргийн эхэнд тэдний нэр дурдагдана. Дээрх эрхмүүдийг нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байв.

“Их бит” компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин багагүй хугацаанд цагдан хоригдсон. Эцэстээ түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар сулласан байдаг. Тухайн үед хоёр тэрбум төгрөгөөр есөн өмгөөлөгч авч байсан гэгддэг.

Харин Б.Гантигийг хоёрдугаар сарын 28-нд цагдан хорих шийдвэр гарсан билээ. Түүнийн хэргээ хүлээсэн хэмээн эх сурвалж мэдээлж байв. Б.Эрхэмбаярын хувьд тодорхой мэдээлэл байдаггүй ч Б.Гантигтай зэрэгцэн суллагдаж байсан юм.

Эргэн сануулахад Б.Эрхэмбаяр цахим хуудастаа “Б.Идэр-Од оо, найзуудынхаа төлөө дуугараач ээ” хэмээн нийтэлж байв. Өнөөдрийг хүртэл Б.Идэр-Од ямарваа нэгэн байдлаар уг асуудалд тайлбар хийгээгүй.

-Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжлав. Буруугүй бол зугтахгүйгээр мэдүүлэг өгөх хэрэгтэй-

Тэрбээр IHC койныг зах зээлд гаргасан хүмүүсийн нэг билээ. 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр “Их бит” компанийн эзэмших хувиа шилжүүлж, олсон орлогоо аваад хил гарсан гэгддэг.

Тодруулбал, койны хэргүүд сөхөгдөхтэй зэрэгцэн гуравдугаар сарын 30-ны өдөр Австрали улс руу гарсан. Дараа нь түүнийг Тайландын Пукет арал дээр амьдарч байгаа хэмээж байв.

Б.Идэр-Од нь “CallPro” ХХК-ийн ажилтан н.Баттулга болон Австрали гаралтай Гонзалес гэх хоёр найзынхаа дансаар дамжуулан IHC койнд илүү нийлүүлэлт хийж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Ингэхдээ нэг тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийж, 2-6 тэрбум төгрөг болгосон байж болзошгүй хэмээн эх сурвалж дурдаж байв.

Тиймээс түүнийг ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй.

Харин өдгөө түүнийг интерполоор хөх булант эрэн сурвалжилга зарлаад буй. Энэ талаар өчигдөр Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл өгсөн. Тэрбээр “Түүнийг эрэн сурвалжилж буй нь үнэн. Шалгах шаардлага бий. Тиймээс байршлыг нь тогтоохын тулд эрэн сурвалжилж байгаа” хэмээсэн юм.

Б.Идэр-Од өөрийн цахим хуудастаа эл явдлыг ээжтэй нь холбоо хамааралтай, улс төрийн шоу хэмээн тодорхойлсон. Хэрэвзээ улс төрийн шоу байгаад түүний нэр хүндэд халдаж байгаа бол нэр хүндээ сэргээж, ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй. Эс бөгөөс “шувуу ” ажиллагааны нэг хэсэг болохыг ч үгүйсгэхгүй.

Койны хэрэг гарсан даруйд нөхдөөсөө нүүр буруулж, ямарваа нэгэн тайлбар, тодорхойлолтыг хэлж байгаагүй. Одоогийн нөхцөл байдал үүсэхийг мэдсэн үү гэлтэй, мөнгөтэй холбоотой асуудлуудаа шийдчихээд хил гарсан байдаг. Тодруулбал, Оюу ухааны академийн Х.Хатанбаатартай хэлний аппликейшн дээрээ багагүй мөнгөний асуудалтай байсан ч Австрали явахаасаа өмнө шийдвэрлэжээ.

-Зарлан дуудах хуудсаар ирээгүйд хуулийн дагуу хариуцлага тооцохгүй-

IHC койны хэрэг эрчээ авах үеэр түүнд зарлан дуудах хуудас явуулсан. Гэсэн хэдий ч ирж мэдүүлэг өгөх бүү хэл, үл тоомсорлосон билээ. Дээрх явдалд хуулийн дагуу ямарваа нэгэн хариуцлага хүлээлгэх үү гэдэг нь чухал.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.2-д мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ гэжээ.

12.2.3-д гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагч, шүүгдэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд хүргүүлэх аж.

Гэвч хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүйгээс гадна мөрдөгчийн зүгээс албадлага хэрэглэх үндэслэл байхгүй гэсэн үг.

-Ц.Оюунгэрэл хүүгийхээ хэргээс болж ҮХӨ-ийг эсэргүүцэж, тохироо хийх санаархал-

Улстөрийн идэвхтэн тэрбээр жижиг намын дарга. ҮХӨ батлагдвал хамгийн ихээр ашиг хүртэх хүмүүсийн нэг. Гэвч гишүүдийн тоо нэмэхийн эсэргүүцэж, Ерөнхийлөгч рүү зурвас явуулахыг олон нийтэд ухуулсан.

Ерөнхийлөгч өөрөө ҮХӨ-д хориг тавих талаар бодолцож байсан ч гэх. Харин ёсчлон баталгаажуулсан Ерөнхийлөгч намын жагсаалтад багтах 48 нэр дэвшигчийн квотоос нэлээд хэдийг нь өөртөө авах тохироог хийхийн тулд Б.Идэр-Одын хэргийг ашиглах магадлалтай.

Энэ цаг үе биш бол Ц.Оюунгэрэл гишүүдийн тоо нэмэхийг зөвшөөрнө. Учир нь тэр парламентын засаглалыг барууны жишгээр дэмжигч юм.

Түүний ҮХӨ-ийг эсэргүүцэж буй нь хөшигний ард хоёр нюанстай.

Нэгт. Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар Ц.Оюунгэрэлд хандан “Бид гадаадын хуулийн орчуулж батлахгүй гэдгийг шуудхан хэлчихье” хэмээсэн байдаг. Ц.Оюунгэрэлийн ИОН намыг барууны санхүүжилттай гэх нь бий.

Хоёрт. Б.Идэр-Одыг койны хэрэгт холбогдуулан шалгах бүрэн үндэслэл бүрдэж, хуулийн байгууллагаас дуудсан ч ирэхгүй байгаа явдал.

Одоо түүнд Б.Идэр-Одыг хэрэгт холбогдолгүй болгохын тулд өөрийн намаа ашиглах боломж бий. Хэдийгээр “шувуу” ажиллагаагаар хүүг нь авч ирсэн ч сонгуулийн суудлаар хэрэгт холбогдолгүй болгох магадлалтай юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *