ХӨСҮТ: Менингококкийн халдварын эсрэг вакциныг зөвхөн голомтод хийнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчин болон менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө.Өнөөдрийн байдлаар менингококкийн халдварын батлагдсан нэг, сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа. Энэхүү өвчний эсрэг вакциныг масс байдлаар хийдэггүй бөгөөд зөвхөн голомтод байсан тохиолдолд хийгддэг байна. Вакцины хувьд ДЭМБ-д хүсэлтээ өгч, захиалгаа баталгаажуулжээ. Харин хэдийгээр Монгол Улсад ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Эмнэлгийн байгууллагын зүгээс менингококкийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь хоолойгоо зайлах, хамраа угаах гэж зөвлөлөө.ХӨСҮТ: Менингококкийн халдварын вакцин нь тархвар судлалын заалтаар голомтод байсан хүмүүст хийгддэг. Сайн дурын үндсэн дээр эсвэл масс маягаар хийгддэг вакцин биш юм. Менингококк халдварын голомтод байсан хүмүүст л вакцинжуулалт хийгдэх болно. Энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хоолойгоо зайлах, хамраа угаах юм. Менингококкийн үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байрладаг. Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгчид байдаг. Эдгээр хүмүүст халдварын шинж тэмдэг илрэхгүй боловч гадагшаа нянгаа тарааж байдаг. Нян нь эрүүл хүнээс ялгардаггүй ба хүйтэн юм уухад хоолой торж байна гэдэг хүмүүс нян тээгч байх магадлал өндөр юм. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрүүл нян тээгч нарыг илрүүлэхэд хэцүү байдаг. Энэ өвчний их уурхайн ихэнх хувь нь эрүүл нян тээгч нар юм.Бидний авч хэрэгжүүлдэг бас нэгэн арга хэмжээ бол менингококк халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд 24 цагийн дотор хариу арга хэмжээ авч ойрын хавьтлыг тогтоож, хими сэргээлтийг хийдэг. Хими сэргээлт хийсний дараагаар ямар хүмүүсийн дунд халдвар бүртгэгдэж байгааг хянасны дараа вакцинжуулалт, дархлаажуулалтын ажил явагддаг. Дархлаажуулалт нь дэлхий нийтээр нэгдсэн сантай болсон. Ингэхдээ манай улсад менингококкийн дэгдэлт нэмэгдлээ, ийм үүсгэгч илэрлээ гэсэн мэдээллийг өгснөөр нэгдсэн журмын дагуу вакциныг тараадаг. Манай улсын хувьд хүсэлтээ өгөөд, захиалгаа хийсэн байгаа. Харин хэзээ ирэх нь тодорхойгүй хэвээр байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд менингококкт халдварын эсрэг вакцин эмнэлгүүдээр хийгдэж байна гэх мэдээлэл байгаагүй.Бид менингококкийн халдварын ямар үүсгэгч дэгдэхийг урьдчилан мэдэх боломжгүй тул вакциныг өмнө нь захих боломжгүй байдаг. Мөн энэхүү халдварын хувьд голомтод байсан тохиолдолд л вакциныг хийдэг. Голомтод байсан хүмүүст хамгийн эхлээд хими сэргээлт хийж дараагаар нь дүүргийн чих хамар хоолойн эмчийн хяналтад байлгаж бүрэн эрүүлжүүлэх арга хэмжээ авдаг. Ихэнх нян тээгч нар нь эрүүл хүн байдаг тул эмнэлгийн байгууллагын зүгээс эдгээр хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээг авах нь хамгийн үр дүнтэй арга юм.Энэ өвчний хувьд халдвар авсан хүнтэй нэг метрийн зайнд тогтмол харьцаж байсан хүн л өвдөх эрсдэлтэй. Халдвар авсан хүнтэй нэг гэрт амьдардаггүй, нэг ангид сурдаггүй л бол өвдөх эрсдэл бага байдаг. Тийм учраас менингококк халдварын үед сэжигтэй тохиолдол илэрсэн тухайн ангид үзлэг хийж, өрхийн эмчийн хяналтад 10 хоног байлгадаг.Менингококкийн халдвар цаг минутаар яригддаг тул хэрэв халдварын тохиолдлууд нэмэгдэж эхэлбэл бүх эрүүл мэндийн байгууллагын зүгээс тусгаарлах өрөөгөө гаргах болно гэлээ.