Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит ХI хуралдаан боллоо.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит ХI хуралдаан боллоо. Хуралдаанаар
1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгчийн зүгээс дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2 дахь заалтад заасны дагуу огцруулах тухай саналыг өргөн барьсан. Тус саналыг хүлээн авч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаараа хэлэлцлээ.
Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.4.4 дэх заалтад заасны дагуу Хурлын нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай тогтоолын төсөл дэмжигдсэнгүй.
Энэ нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, тэдгээрийн баг хамт олон дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичигт туссан ажлуудыг үргэлжлүүлэн хийх, тогтвортой засаглал, хөгжлийг бүх шатандаа чухалчилж байгааг харуулсан шийдвэр боллоо гэж Хурлын даргын хувьд үзэж байна.
2. Баянзүрх дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарын санаачлан оруулж ирсэн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэлэлцэж олонхын саналаар дэмжлээ. Ингэснээр улс орны ирээдүйн хөгжлийн үндэс болсон бяцхан иргэд маань илүү аюулгүй орчинд сурч, хөдөлмөрлөж, амьдрах боломж бололцоогоор хангагдана.
Эцэст нь хэлэхэд Улс эх орны хөгжлийг улс төржилт үгүй хийнэ үү гэхээс, урагш ахиулахгүй. Улс төржих тусам иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдрал уруудаж, эцэстээ мухардалд орж хямрал нүүрлэх болно. Тиймээс Бид нэг нэгнээ хэмлэж, шүүмжлэхээс илүү эв нэгдлийг эрхэмлэж, дүүрэг, нийслэл, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахыг эрхэм төлөөлөгч нараасаа чин сэтгэлээсээ хүсэж, бас уриалж байна.