Монполимет групп ирээдүйн инженерүүдийг дэмжиж, тэтгэлэг олголоо
Монполимет Групп, Мөнх тогтвортой хөгжил сангийн нэрэмжит оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт тэнцсэн оюутнууд батламжаа гардаж авлаа.
Өмнө нь Монполимет групп 30 жилийнхээ ойн хүрээнд Олон улсын математикийн 63 дугаар олимпиадад өндөр, дээд амжилт үзүүлсэн зургаан сурагчид сургалтын тэтгэлэг олгож байсан юм. Энэхүү тэтгэлгийг олгох үеэр дотоодын их, дээд сургуульд суралцах тэтгэлгийг оюутнуудад олгоно хэмээн мэдээлж байсан. Тэгвэл Монполимет групп дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад ийнхүү тэтгэлгээ олгож эхэллээ. Тэтгэлэгт МУИС болон ШУТИС-д цахилгаан, хими, нано шинжлэх ухааны инженерчлэл зэрэг Монгол Улсад нэн хэрэгтэй, эрэлттэй мэргэжлээр суралцаж буй оюутнууд шалгарсан нь онцлог байв.
Тэтгэлэгт шалгарсан оюутнууд сургуулиа төгсөөд Монполимет групп болон харьяа байгууллагуудад ажиллахыг хүсвэл бүгдэд нь үүд хаалга нээлттэй байх болно гэж ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан онцолсон юм.
Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн жил бид олон улсын математикийн олимпиадад амжилт гаргасан оюутан, сурагчдад тэтгэлэг гардуулж байсан. Энэ удаагийн тэтгэлгийг Монгол Улсдаа бүтээн байгуулалтын ажлыг хийхэд гар бие оролцох инженерүүд, хамтын ажиллагаанд заавал хэрэг болох нягтлан бодох бүртгэл, хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгож байна. Их сургуулиа төгсөөд гадаад явж суралцана, ажиллана гэхээс илүү эх орондоо сайхан амьдарч, хөгжилд хувь нэмрээ оруулах ажиллах хүчин гэдэг утгаараа сонгон шалгаруулалтыг хийлээ.
Манай Монцемент үйлдвэрийн хувьд гадаадад очиж ажиллаж туршлага хуримтлуулахтай яг адил олон улсын технологийг Монголдоо нутагшуулсан. Олон улсад цөөн байдаг хаягдал халуун хийг дулааны эрчим хүч болгон үйлдвэрлэх технологи манай үйлдвэрт байдаг. БНСУ, Австрали, АНУ-д очсон ч энэхүү технологиор туршлагажиж, суралцах боломжгүй байх тохиолдол бий. Эх орондоо ажиллаж амьдрахдаа гадаадад цөөн байдаг технологийг сурч, эзэмших нь нарийн мэргэжил эзэмшиж буй та бүхэнд давуу талтай гэдгийг онцолмоор байна. Үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд гаднын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тогтмол олон улсын сургалт зөвлөгөөнд оролцож туршлага судлахын сацуу өөрсдийн хуримтлуулсан дадлага туршлагаа хуваалцаж байдаг. Сонгон шалгаруулалтыг хийхдээ ганц дүнгийн голчийг харахаас илүү хувь хүн нь ямар вэ, бие даах чадвар ямар вэ, хамт олны нэг хэсэг болж ажиллах чадвар ямар вэ гэдгийг онцлон харсан юм шүү. Энэхүү тэтгэлэгт шалгарсан оюутнуудад манай группийн үүд хаалга үргэлж нээлттэй” хэмээн ярив.
Монполимет групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролыг дэмжиж, сургалтын тэтгэлгийг жил бүр олгодог байна.