УИХ-ын сонгуулийг шинэ хуулиар явуулбал зардал 50 хувиар буурна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Тус хуулийн төсөлд юуны түрүүнд УИХ-ын сонгуулийг хосолсон тогтолцоотой байхаар буюу 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгохоор тусгасан юм. Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаад буй. Түүнчлэн нам эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ. Нам эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэх зэрэг заалтыг тусгасан юм.
Өнөөдрийн шатны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн зарим нь сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдөг байх нь хэр зүй зохистой вэ, өмнө нь нэг удаа холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж үзсэн удаатай. Сонгуулийн тогтолцоонд төгс хувилбар гэж байхгүй гэсэн байр суурь илэрхийлж байв. Мөн энэхүү хувилбараар УИХ-ын сонгуулийг зохион байгуулснаар сонгуулийн зардал хэдий хэмжээгээр буурах боломжтойг олон гишүүн лавлаж байсан юм. СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ ажлын хэсгийг төлөөлж өгсөн тайлбартаа “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиараа 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллахаар заасан. Шинээр өргөн барьсан хуулийн төслөөр бол, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллахаар тусгаад буй. Тус ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллана. Хэрэв хөлс мөнгөтэй ажилласан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адилтгах түвшний урамшууллаар ажиллана.
Үүний зэрэгцээ хэвлэмэл материалын хэмжээний хувьд, 3 хэвлэлийн хуудас сонин сэтгүүлийг хэвлэн тарааж болохоор заасан бол одоогийн хувилбараар тус бүр 2 хэвлэлийн хуудас болгож бууруулсан. Ухуулах хуудас нэг хэсэгт 20-иос илүүгүй байхаар тогтоосон байсан бол одоогийн хувилбараар 10 буюу 50 хувиар бууруулаад байна. Сурталчилгааны зурагт самбарыг 60 хүртэл хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл, нэг хэсэгт 10 зурагт самбар байрлуулах боломжтой байдаг бол одоо аймаг, дүүргийн нэг хэсэгт 5, бусад хэсэгт 3 самбартай байна хэмээн зааж өгсөн. Нэг хэсэгт 4 тээврийн хэрэгсэл ашиглахаар заасан байдаг бол шинэ хувилбараар хоёр буюу 50 хувиар бууруулсан юм. Энэ бүхнийг оролцуулан тооцвол сонгуулийн зардал 50 хувиар буурах магадлалтай” гэлээ.