Б.Энх-Амгалан ял авахдаа Нарансэвстэйн боомт, О.Амгаланбаатарыг онцлон эцсийн үгээ хэлжээ

0

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав хоног хэлэлцэн шийдвэрлэв.

Улмаар З.Энхболдыг цагаатгасан бол Б.Энх-Амгаланд хоёр жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ялыг тус тус оногдуулсан.

Харин Б.Энх-Амгалан шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөхийн өмнө эцсийн үгээ хэлэхдээ Нарансэвстэйн боомтын асуудал, Говь-Алтайн улс төр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарыг дурдсан нь анхаарал татав.

Тэрбээр “Би Монгол төрийн даалгавраар Засгийн газрын гишүүнээр ажилласан. Хоёр удаа УИХ-д сонгогдсон. Энэ үеүдэд Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийг хамгаалалтаас гаргах, тусгай хамгаалалттай газар хилийн боомт нээх, алт ухах санаачилга гарч, би эсэргүүцэж байсан. Энэ нь явсаар байгаад Алтайн улс төрөөс намайг холдуулах явдал болон хувирчээ гэж би гурван жилийн дараа бодоод сууж байна.

Тэдний хүслээр болсон л доо. Би УИХ-ын гишүүнээ, байнгын хорооны даргаа, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгсөн. Бага хурлаас дэвших эрхээ хаалгаж, тойргоо ч өгсөн.

Одоо энэ боомтыг нээнэ гээд байгаа. Хууль бусаар алт олборлуулаад байгаа тэр хүмүүс, хүмүүс ч гэж дээ хүн нь одоо УИХ-д орчихсон л сууж байна. Өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан хүн” гэсэн юм.

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн болон Монгол Улсын урд хилд давхацдаг Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ гэдэг заалт хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусаад байгаа. Аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд үүнийг дэмжин зүтгүүлсэн О.Амгаланбаатар өдгөө парламентад сууж байгаа юм.

Нарансэвстэйн боомтыг нээснээр эдийн засгийн үр өгөөж байхгүйн дээр 1975 оноос хойш дархлан хамгаалж байгаа говийн экосистемийг сүйтгэх, мазаалай, хавтгайн сүүлчийн орогнол нутагт заналхийлэх эрсдэлтэй. Нөгөө талаас, Нарансэвстэйн боомтоос 100-аад км-ын дотор томоохон алтны ордын сүлжээ оршдог юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *