М.Мөнх-Эрдэнэ: “Цахилгааны үнэ өндөр гарлаа” гэх гомдлоор очиход дулаан алддаг байшинтай байдаг
Цахилгааны үнийг өнгөрсөн оны 11дүгээр сард хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай өртгөөр хэмжиж, 30-89 хувиар нэмсэн. Тус нэмэгдэл нь иргэдэд санхүүгийн дарамт болж, цахилгаан халаагуур хэрэглэдэг айл өрхүүд эргэн нүүрсээ түлнэ гэх байр суурийг илэрхийлээд буй.
Тэгвэл цахилгааны үнийг тойрсон агуулгаар УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын албаны дарга М.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 500 мянга гаруй хэрэглэгчтэй. Тэдний хоёр орчим хувь нь цахилгааны үнэтэй холбоотой гомдол гаргасан-
-Өнгөрсөн оны 11 дүгээр сард цахилгааны үнэд өөрчлөлт орсон шүү дээ. Үүнээс хойш иргэд хоёр ч удаа цахилгааны зардлаа төлсөн. Харин энэ үнийн өсөлт цахилгаан халаагууртай айлуудын санхүүд жин дарж буй. Танайд энэ төрлийн гомдол бүртгэгдсэн үү?
-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 500 мянга гаруй цахилгааны хэрэглэгчтэй. Тэдний хоёр орчим хувь нь л цахилгааны үнэтэй холбоотой гомдол гаргасан. Дийлэнх нь гэр хороололд амьдардаг цахилгаан халаагуур хэрэглэдэг хэрэглэгчид гомдол мэдүүлсэн байна лээ.
Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлсэн гомдлын тоо 428. Үүнд төлбөрийн нэхэмжлэл, тоолуурын холболт, цагийн тарифтай холбоотой гомдлууд багтаж буй.
Бид энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн хэрэглэгчдийн гомдлын дагуу шалгалтаа эхлүүлсэн. Ингэхдээ Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам болон манай байгууллагаас ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ингэхдээ гомдол гаргаж байгаа хэрэглэгч нар дээр очоод дулааны алдагдал байгаа эсэхийг үзэн ажиллаж буй. Тусгай дулаан хэмжигч багаж бариад барилгын компанийн ажилчид шиг байх болсон.
Иргэдийн зүгээс “төлбөр тав, зургаа дахин нэмэгдчихлээ” гээд л дуудлага өгдөг. Яг газар дээр нь очоод үзэхэд байшингийн дулаалга муу байгаатай холбоотой цахилгаан халаагуураа олон цаг ажиллуулж, хэрэглээ нь өндөг гарсан нөхцөл угтдаг. Энэ үед бид дулаан алдалтыг нь хэмжиж зөвлөгөө өгч, цахилгаан хэмнэх аргуудын талаар нэмэлт зөвлөмж хүргүүлээд ажиллаж байгаа.
Танай редакцын сурвалжилсан Ш.Болормаа гэдэг айлын сүүлийн нэг жилийн цахилгааны хэрэглээ болоод төлбөрийн мэдээллээс харахад өнгөрч оны мөн үеэс зургаа дахин өсчхөж. Хэрэглэгч ярилцлагадаа нэг л тэн ашиглаж байгаа, бусад өрөөнийхийгөө унтраачихсан гэсэн байсан. Гэтэл одоогийн цахилгааны хэрэглээг нь харахаар лавтай хоёр тэн ажиллуулж байгаа л харагдаж байна. Хамгийн сүүлийн тооцооллоор буюу нэгдүгээр сард 2564 кВт.ц хэрэглэжээ.
Бид олон жил цахилгаан хэрэглэгчийн хэрэглээг тооцооллоороо хараад ирэхээрээ яг ийм хэмжээний цахилгаан зарцуулж буй өрх гэр ямар ямар цахилгаан хэрэгсэл хэрэглэдгийг баримжаагаар мэддэг болчихдог юм л даа.
1.5 кВт.ц-ын тэнийг 24 цаг тасралтгүй ажиллуулсан гэж тооцоолоход 30 хоногт 1080 кВт.ц л хэрэглэнэ. Үүнийг хоёрт үржүүлбэл 2160 кВт.ц болно. Харин цахилгаан тэн хэрэглэж эхлэхээс өмнө үед 300-400 кВт.ц хэрэглэдэг байсан юм байна. Энэ үндсэн хэрэглээг нь нэмээд үзэхэд сарын тооцоолол нь таарч байна гэсэн үг.
Угтаа байнга хүн амьдарч байгаа байшин өвлийн хувцас өмстлөө хөрөх нөхцөл байдаггүй. Хэрэв дулааны алдагдалтай л бол өөр хэрэг. Тиймээс тус айлд очиж байж л үүссэн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж чадна.
-Иргэдийн зүгээс “нэг хэвийн хэрэглээтэй атал тогны үнэ хэд дахин нэмэгдчихлээ” гэх байр суурийг мөн илэрхийлээд байгаа шүү дээ. Тоолуурыг хэрхэн баталгаажуулдаг вэ?
-Цахилгаан эрчим хүчний тоолуурыг төрлөөс нь хамааруулаад дөрөв ба найман жил тутамд баталгаажуулдаг.
Хэрэглэгч өмнө нь хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдээ ашиглаж л байгаа бол тоолуур буруу хэмжих үндэсгүй. Айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг хэмжиж буй тоолуур тус бүр дээр Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулж, албан ёсны нэг хоёрдугаар хэмжилтийг хийж, нэг, хоёрдугаар лацыг Улсын тусгай байцаагчийн эрхтэй хүн тавьдаг юм л даа.
Харин манай байгууллагаас хэрэглэгчийн тоолуурын суурилуулаад, хэрэглэгчийн утсыг тоолуур руу суулгаж, гаднаас ирж буй тэжээлийн утсыг өгч тагийг тавин лацаддаг. Ямар нэгэн байдлаар дотор талын хэмжих хэрэгслийг өөрчилнө гэх ойлголт байхгүй.
Цөөн тохиолдолд үйлдвэрийн алдаатай, зөөвөрлөх явцад доголдол үүссэн, ажилчид тоолуурын заалтыг буруу тэмдэглэх гэх зэрэг асуудал үүсдэг. Гэхдээ маш цөөхөн тохиолдолд.
-Хэрэглэгчид үнэ нэмэгдсэн хойно л оргил цагийн хэмнэлт гэх агуулга руу эргэн харж байна-
-Хэрэглээний төлбөрийн бодолтыг хэрэглэгч өөрөө хянах боломж бий юу?
Хэрэглэгч цахим хаягаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд бүртгүүлснээр сар бүр тооцооны нэхэмжлэл авах, мөн манай компанийн “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг гар утсандаа татаж, өөрийн гэрээний мэдээлэл болон төлбөр тооцсон байдал, тоолуурын заалтаа хянах, харах зэргээр хэрэглээний төлбөрийн тооцооллыг хянах бүрэн боломжтой юм.
-Ихэвчлэн хүйтний улиралд эрчим хүчний ачаалал үүсдэг. Мөн оргил цагийн ачааллын үед эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй байдаг шүү дээ. Хэрэглэгчид энэ цагуудад хэмнэж чадаж байна уу?
-Улаанбаатарчуудын хамгийн их цахилгаан хэрэглэдэг сар бол 12 болон нэг, хоёрдугаар сар. Цаг агаарын хувьд хүйтэн байх нь цахилгаан халаагуур ихээр ажиллуулах шалтгаан болдог. Мөн энэ саруудад баяр наадмын өдрүүд тохиож хүмүүсийн гэртээ байх нь нэмэгдэж, цахилгаан зарцуулалт өсдөг. Өмнөх онуудад ч мөн адил ийм үзүүлэлттэй байсан.
Харин энэ жилийн хувьд оргил өсөлттэй саруудын өмнө үнэ нэмсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн цахилгааны төлбөр өмнөх сараас өндөр дүнтэй гарч, манайд ирж буй өргөдөл, гомдол ч олширсон шүү.
Бид эрчим хүчний хэмнэлттэй байгаарай гэх мессежийг олон жилийн өмнөөс л өгч эхэлсэн. Яах аргагүй оргил цагийн ачааллын үед хэмнэлт гаргахгүй л бол тэг зогсолтод орох эрсдэлтэй нөхцөл байдалд ороод удаж буй. Гэтэл хэрэглэгчид үнэ нэмэгдсэн хойно л оргил цагийн хэмнэлт гэх агуулга руу эргэн харж байна.
Бид оргил цагийг 17.00-21.00 цаг хүртэл хэмждэг. Гэтэл үзүүлэлтээс харахад 22.00 цаг хүртэл энэ ачаалал буурдаггүй. Дан ганц оройн ачааллаас гадна өглөөд оргил цагийн ачаалал үүсдэг болчихсон.
-Хүмүүс цахилгааны үнийн өөрчлөлтийг их мэдрэх нь аргагүй. Өмнө нь хэт хямд эрчим хүч хэрэглэж байсан шүү дээ-
-Жил ирэх тусам хүмүүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйг та онцолж байсан шүү дээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Хүмүүс цахилгааны үнийн өөрчлөлтийг их мэдрэх нь аргагүй. Өмнө нь хэт хямд эрчим хүч хэрэглэж байсан шүү дээ. Одоо өөрсдийнхөө хэрэглээг бодитоор хараад үзэхэд нэг айлд хэчнээн хүн гар утас хэрэглэж байгаа билээ. Наад захын жишээ татахад гэрээс гараад явахад датагүй л бол болохгүй байна гэх. Гэтэл тэр бүгдийг байлгаж буй эх үндэс маань эрчим хүч шүү дээ.
Техник технологи хөгжихийн хэрээр урьд хэрэглэдэггүй бүтээгдэхүүнд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвчсэн. Жишээ нь талх шарагч, тосгүй шарагч, богино долгионы зуух, үсний индүү, сэнс зэрэг нь хурдан улайсаж халах зориулалттай байдгаас тог их зарцуулдаг. Энэ мэт байдлаар өөрсдийнх нь цахилгааны хэрэглээ нэмэгдээд байгааг ойлгохгүй өмнөхтэйгөө адилхан байхад цахилгааны төлбөр өндөр гарлаа гээд байна. Яг ямар цахилгаан хэрэгсэл хэдэн цагаар хэрэглээд байгаагаа эргэн харж, цахилгааны тооцооллоо хийх хэрэгтэй.
Бид өргөдөл гомдлын дагуу очоод хэрэглээг нь тайлбарлаад өгөхөөр ойлгож байна л даа.
-Үнийн нэмэгдлээс хойш тодорхой байршлуудад хэд хэдэн удаа тогийн хязгаарлалт болсон шүү дээ. Иргэдийн зүгээс өртгөө нэмэгдүүлсэн ч ачааллаа дийлж чадсангүй хэмээн ундууцаж байна?
-Хүмүүс цахилгааны үнийн өөрчлөлтийг их мэдрэх нь аргагүй. Өмнө нь хэт хямд эрчим хүч хэрэглэж байсан шүү дээ. Одоо өөрсдийнхөө хэрэглээг бодитоор хараад үзэхэд нэг айлд хэчнээн хүн гар утас хэрэглэж байгаа билээ. Наад захын жишээ татахад гэрээс гараад явахад датагүй л бол болохгүй байна гэх. Гэтэл тэр бүгдийг байлгаж буй эх үндэс маань эрчим хүч шүү дээ.
Ер дэлхий нийтээрээ л эрчим хүчээ хэмнэлттэй хэрэглэх дээр санал нэгдэж буй. Гэхдээ хөгжилтэй орнуудын хувьд энэ хэмнэлт нь хүлэмжийн хийг бууруулах зорилготой.
Өнгөрсөн жил болоод түүнээс өмнөх жилүүдэд оргил цагийн үеийн ачааллын улмаас олон айл өрхийн тогийг хязгаарлалтад орсон. Харин энэ жилийн хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж, ерөнхий сэргээгдэх эрчим хүчний жижиг үүсгэвэрүүд шинээр нэмэгдэж, системд нийлүүлж буй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдчихсэн учир энэ жил цахилгаан хязгаарлалт багассан.
Хүмүүсийн хандлагыг ажиглаад байхад тогны үнэ нэмэгдмэгц систем тухайн мөнгөөр гэнэт сайжирчих юм шиг хардаг. Гэтэл эрчим хүчний систем өөрөө дотооддоо асар их өрийн сүлжээтэй. Шат бүрдээ асуудлаа шийдэж байж л томоохон өөрчлөлт гарна. Үгүй бол өргөс авчихсан аятай эрчим хүчний сүлжээ гэнэт сайхан болохгүй. Цаг хугацаа шаардах л асуудал.
Ковидоос хойш бидний хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн билээ дээ. Гэтэл эрчим хүч 2019 оноос хойш үнээ огт нэмээгүй. 2022 онд л аж ахуй нэгжүүдийн үнэ тарифыг хорин хэдэн хувиар л өсгөсөн.
Мөн хэрэглэгчдийн хандлага, манай мэргэжлийн онцлогоос шалтгаалан ажиллах хүчгүй болж байна. Шинээр орж ажиллаж буй хүмүүс нэг хоёр жил болоод л гараад явдаг. Цалингаа голно, ажлын ачааллаа дийлэхгүй байна гэх мэт олон шалтгаан бий л дээ. Тиймээс иргэд, цахилгаан хэрэглэгчид үүнийг зөвөөр ойлгох нь чухал болчхоод байна.