Д.Тэгшбаяр: Авлигын төсөөллийн индекс 33 буюу өмнөх оноо, эрэмбэ өөрчлөгдөөгүй

0
-11022025-1739253190-1443711565-476819489_598052673032193_9140605403521371942_n1

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас 2024 оны Авлигын төсөөллийн индекс танилцуулсныг хүргэсэн. 

Тэгвэл тус индексээр Монгол улсын авлигын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид юуг анхаарах шаардлагатайг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр танилцууллаа.

Тэрбээр “Миний хэлж байгаа аливаа үг нь Трансперенси Интернэйшнл байгууллагыг төлөөлөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Эхлэхээс өмнө, саяхан амь насаа алдсан нэг гэр бүлийн хүмүүст эмгэнэлээ илэрхийлье.

Трансперенси Интернэйшнл байгууллагын энэ удаагийн Авлигын төсөөллийн индексийн гол сэдэв нь авлига ба уур амьсгалын хямрал юм. Тус байгууллагаас Монгол Улсад хийсэн үнэлгээнд бидний авлигын төсөөллийн индекс 33 оноотой бөгөөд энэ нь өмнөх оноо болон эрэмбэд өөрчлөлтгүй байна. Эрэмбийн хувьд Монгол Улс 121-р байраас 114-р байранд орсон ч, эрэмбэ нь чухал биш, харин хамгийн чухал нь оноо юм.

Монгол Улсад Трансперенси Интернэйшнл байгууллагаас өгч буй зөвлөмж нь өнгөрсөн 5 жилийн зөвлөмжүүдийг нэгтгэсэн бөгөөд энэ хугацаанд авлигын эсрэг хийсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага хэд хэдэн зөвлөмжийг өгч байсан ч одоо хүртэл дорвитой алхмууд хийгдээгүй байна.

2022 онд Монгол Улс авлигын индексийн оноо эрчимтэй буурч, авлига нэмэгдэж буй 10 улсын нэг болсон. 2023 онд ардчиллын индекс болон авлигын төсөөллийн индексээр Монгол Улс саарал бүсэд орсон бөгөөд энэ жил ч мөн хэвээрээ байна. Энэ нь ардчиллын индекс ба хууль засаглалын индексийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэнэ.

Зөвлөмжийн хувьд өнгөрсөн 5 жилийн зөвлөмжүүдийг давтаж өгч байна. Монгол Улсад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалтгүй байгаа учраас энэ нь давтагдсан зөвлөмжүүд болж байна. Тухайлбал, баялгийн сангийн тухай хууль батлагдсан ч эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах тал дээр дорвитой алхам хийгдсэнгүй. Мөн улс төрийн намын санхүүжилтийн асуудалд ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Иймээс улс төрийн намын санхүүжилт, худалдан авалт, гэрээний асуудал зэрэг асуудалд ил тод хяналт тогтоох механизм хэрэгтэй байна. Эдгээр асуудлууд нь байгууллагын зөвлөмжид тусгагдаж, шүүхийн шийдвэрийн тэгш хэрэгжилтийг шаарддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын тусгай зөвшөөрлийн цаадах эцсийн эзэмшигчийг ил тод болгох шаардлагатай.

Эцэст нь, улс төрийн намын санхүүжилт шударга бус байгааг онцолж, үүнд анхаарал хандуулах шаардлагатай

Мөн бид 2022-2023 онд Трансперенси Интернэйшнл байгууллагаас анхааруулж байсан нэг чухал асуудал нь шүүхээс өмнөх хариуцлагын асуудал юм. Шүүхээс өмнөх хариуцлагыг дахин анхааруулахгүй бол бид бүх асуудлыг шүүх дээр шийдвэрлэх явдалд хүрэх вий. Монгол Улсад 800 гаруй хууль тогтоомжид төрөл бүрийн хариуцлагын механизмууд бий. Гэвч эдгээр хуульд суулгасан хариуцлагын механизмүүд огт хэрэгжихгүй байгаа нь өнөөдөр шүүхийг шүүмжлэх хэмжээнд хүргэсэн байна.

Түүнчлэн, Монгол Улсад намын харьяаллаар болон бүлэглэлээр авлигын асуудлыг өмнө нь харж байсан. Гэвч Монгол Улсад нам доторх фракц, бүлэглэлүүдийн авлига нь намын бүлгээс илүү нөлөөлж байгаа нь анхаарах ёстой асуудал юм. Жишээ нь, Төгсөгчдийн холбоо, Уяачдын холбоо, Бөхийн холбоо зэрэг жижиг бүлэглэлүүдийн авлига Монгол Улсын авлигын нөхцөл байдалд илүү их нөлөөлж байна. Намын фракцын шударга бус нөлөөллийн асуудалд ч бид нарийвчлан судалгаа хийх, танилцуулга хийхээр ажиллаж байна.

Нийт 8 эх сурвалжаар үнэлэгдсэн үзүүлэлтүүдийн 3 нь бага зэрэг өссөн, харин 5 нь буурсан байна. Эдгээр 8 эх сурвалжийн 3 нь эрсдэлийн үнэлгээтэй. Эдийн засаг, уул уурхай, санхүүгийн олдоц зэрэг үзүүлэлтүүд дээр тодорхой ахиц гарсангүй. Бизнес эрхлэгчдийн үнэлгээнд тодорхой ахиц гараагүй бөгөөд энэ нь бизнес эрхлэх дэд бүтэц хөгжөөгүй, санхүүгийн эх үүсвэрүүдийн зээлийн хүү өндөр байгаа зэрэг шалтгаантай байна.

Шилжилт хийж байгаа улс орнуудын индекс буюу трансформацийн индексийн засаглалын үзүүлэлт дээр ахиц гараагүй. Хэдийгээр индексийн оноо өссөн ч, засаглалын үзүүлэлт дээр тодорхой ахиц гараагүй гэдгийг анхаарууллаа.

Ардчиллын индексийн 2024 оны үнэлгээгээр сонгуулийн ардчилал гэсэн хэсэгт маш их хяналттай үнэлгээ гарч байна. Сонгуулийн ардчиллын индекс буурсан шалтгаан нь 2023 оны либерал кампанит бодлого, ардчиллыг хамгаалах үзүүлэлтүүдийн маш тааруухан үнэлгээтэй байсантай холбоотой. Мөн иргэдийн зөвлөлдөх хэсэгт уналт үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ, хуулийн засаглалын индексийн үзүүлэлтүүд тогтвортой, бага зэрэг өсжээ. Авлигатай тэмцэх хуулийн засаглалын үзүүлэлтээр бага зэрэг өсөлттэй гарч, энэ оны индекс 33 онооноос 35 оноо руу өслөө.

Иймд, энэ бүх үнэлгээний дараа бид анхаарах хэрэгтэй асуудал нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал юм. Бид энэ асуудлыг тусгай бодлого санаачилга болгон авч хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн шүүхээс өмнөх хариуцлагын асуудлыг дахин анхаарах хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бид л шаардаж байгаа гэсэн үг юм. Хамгийн чухал зүйл бол хүний эрхийн мэдрэмжийн асуудал бөгөөд энэ тал дээр бид тодорхой ахиц гаргаагүй байна. Ардчиллын үзүүлэлтээр бид маш өндөр уналт үзүүлсэн бөгөөд хүний эрхийн хэрэгжилт, хүний эрхийн сургалт, хууль сахиулах байгууллагын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх чиглэлд огт өөрчлөлт гараагүй гэдгийг онцолсон байна” хэмээлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *