VS: Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэвч зарим УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Иймд эл асуудалтай холбогдуулж энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын эсрэг байр суурийг онцолж байна.
Ч.Лодойсамбуу
УИХ-ын гишүүн
-Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах” гэснийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна.
Албан бичигт нэгдэхийг УИХ-ын 126 гишүүддээ уриалж байна. Монгол Улсын парламентын гишүүд анх Ерөнхий сайдыг томилж байхад чуулганы танхимд ганцаараа үүний эсрэг байр суурь илэрхийлж байсан. Одоо уг хариуцлага тооцох асуудал дээр тэр давтагдахгүй байх гэж найдаж байна. Хэдхэн сарын өмнө сонгууль болсон. Тэр үед юу гэж амлаж байсан. Юуг хамгаална гэж байсан, түүнийгээ санаад нам харгалзахгүй нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цаашид нэгдсэн гишүүд болоод, гарын үсэг зурахаас татгалзсан гишүүдийг шалтгааных нь хамт олон нийтэд мэдээлэх болно.
Саяхан болсон харамсалтай үйл явдал бол зүгээр нэг л жишээ. Яг үүнээс болоод огцруулах санал гаргаагүй. Би 2022 оноос хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж ирсэн.
Гэхдээ мэдэгдэл хийх нэг шалтгаан болсон уу гэвэл тийм. Монгол Улсад хүнийх нь амь үнэтэй биш бол өөр юу үнэтэй юм бэ. Хүний амиар улстөржлөө гэж хэлж байгаа хүмүүс улс төр гэдэг үгээ аваад хойшоо бай. Бүхэл бүтэн зургаан иргэн амиа алдчихаад байхад Ерөнхий сайд ядаж гарч ирээд эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Үүнийг нь хүлээж байна. Би өчигдөр биш өнөөдөр уг албан бичгийг гаргаж байгаа нь хугацаа олгосон хэрэг. Бид заавал хүчээр юмыг шийдэх албагүй. Соёлт хүний нийгэмд ёс зүйгээ ухамсарладаг байх хэрэгтэй.
Б.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2,200,000,000,000 төгрөгийг, түүн дундаа гадаадруу гаргасан 12,200,000 ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой.
Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй сайд нар байгаа юу гэвэл байгаа гэж хэлнэ. Танхимынхаа эсрэг санал өгч байгаа, бодлогоо ойлгоогүй, хариуцлагаас зугтаж яваа нөхөд ч бий.
Угаарын асуудал дээр холбогдох албан тушаалтнууд бий. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нийлнэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол дээр тодорхой хэлсэн. Хяналтын түр хороо байгуулагдаж нийтээрээ бид шалгах, хянах, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс хүлээх ёстой. Бид хоорондын хуваагдал талцлаас болж өнгөрсөн 34 жилийг алдсан. Өнөөгийн эрчим хүч, цалин тэтгэвэр, боловсрол эрүүл мэндийн хүртээмжийн дутагдал бүгд хуваагдал, хийрхэл, өш хонзонгоос шалтгаалалтай. Хохирогч нь үүнийг эхлүүлсэн улстөрчид биш дандаа ард түмэн байдаг.
14 мега төслийг Хамтарсан Засгийн газар байгуулж явуулж эхэлсэн. Алт, Зэс, Гангийн цогцолбор үйлдвэрүүд ядаж л ажлын байр бий болгоно, эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулаан, цахилгааны станц босож байж бид эрчим хүчний дутагдлаас сална. Гадагшаа урсаж байгаа энэ их вальютыг хэмнэнэ. Хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболт нь гадаад худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлнэ.
Бидэнд өнөөдөр эдийн засгаа тэлж илүү боломжийг эх орондоо бий болгох цаг үе тохиож байгаа. Энэ боломжоо бид хийрхэл, улстөрчид, олигархуудын гарын үзүүрт алдаж болохгүй. Бид алдсаар ирсэн тэр гашуун амтыг дахин амсах ёсгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10000 ам.доллар давуулахын тулд, өнөөгийн энэ ядруу амьдралаас нийтээрээ салахын тулд, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бид хичээх ёстой.