Зуунмод хотын нийтийн эзэмшлийн талбайд байрлах эд зүйлсийг эвдэлж, сүйтгэх явдал их байна
Төв аймгийн Зуунмод хотын нийтийн эзэмшлийн талбайд байрлах эд зүйлсийг эвдэлж, сүйтгэх явдал их байна.
Энэ бол Мөнх-Алдарын талбайд цагаа өнгөрүүлж буй бүх насныханд зориулсан гар утас, таблет, нөүтбүүкээ цэнэглэх зориулалттай залгуур юм. Бороо, шороо орохоос сэргийлж хийсэн 10 ширхэг залгуурын 8 тагийг хагалж, хугалсан байв.
Энэ бол ногоон байгууламжийн нэг хэсэг болох мод тарьж ургуулах хашлага. Гэвч согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч тус хашлагыг мөргөн ийм байдалтай болгожээ.
Энэ бол Улаанбаатар хотоос Зуунмод хот руу орох замд байрлах ирж буй зочдыг угтах цэг буюу Одонт хөтлийн сүүдрэвч юм. Дийлэнх иргэд суудал дээр суухаас илүү түшлэгийн хэсэгт суух хүсэлтэй байдаг тул ийм өнгө төрхтэй болгожээ.
Энэ бол Мөнх-Алдарын талбайн хойно байрлах хогийн сав. Энэ хогийн савыг энд байршуулаад ердөө 8 сар болж байна. Гэсэн хэдий ч иргэд хогоо хогийн савандаа хийх гэж байхдаа дүүрсэн байдлыг үл харгалзан овор хэмжээ том хогийг чихэх байдлаар хийдэг. Ингэснээр хогийг буцааж авахад хүндрэл учирдаг талаар албаныхан хэлж байв.
Энэ бол Номт 1 дүгээр багт байрлах тоглоомын талбайн сүүдрэвч. Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс, олноороо цугласан хөвгүүд ихэвчлэн суудаг байсан бөгөөд засвар шинэчлэлийг ноднин зун хийжээ.