Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол албажсанаар нэгжлэг эхлүүллээ
Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөө болон гэр, хамаарал бүхий компанид нь өчигдөр АТГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийлээ.
Уг хойшлуулшгүй ажиллагаа эхэлж буй үеийн зураг, бичлэг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон хүн санал, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ шийдвэрлэсэн даруйд энэ ажиллагаагаа хийхгүй, өдийд хамаг юмаа нууж амжсан” гэсэн утгатай зүйл бичиж буй юм.
Бидний авсан мэдээллээр АТГ-ынхны мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл өчигдөр л албан ёсоор бүрдсэн аж. Тодруулбал, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тогтоол энэ сарын 12-нд албажиж АТГ-т ирсэн юм байна. УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа мөн өдөр бас дуусан мөрдөн шалгах байгууллагад тогтоол нь ирснээр өчигдөр ийнхүү халдашгүй бүрэн эрхтэй байсан түшээдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлж буй аж.
“Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Капитрон” банкаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийн яллагдагч Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий 11 хүнд холбогдох, 323 900 тонн нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой”-д өгсөн хэмээн хуурамч баримт бичиг бүрдүүлж, 18.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг нь НПГ-т хянаж байгаа билээ. Уг хэргийг нь АТГ-т шалгаж буй, 2006-2022 оны хооронд “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүд гаргуулаад гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалтнаар нь дамжуулан 28.7 тэрбум төгрөг, “Ажнай корпорац”-даа ч их хэмжээний мөнгийг “Капитрон” банкаараа дамжуулан авсан хэрэгтэй нь нэгтгэн шүүхэд шилжүүлэхээр хүлээзнэж буй гэнэ.