Ялыг нь Лу.Гантөмөр үүрч, ямбыг нь бүгд эдэлнэ!

0
gantumur-810x500

“Хамтарсан Засгийн газрын эсрэг ажилласан намын гишүүдэд хариуцлага тооцно” гэснээсээ болж АН-ын дарга Лу.Гантөмөр олон нийтийн сүлжээнд ихээхэн баалуулж байна. Хамгийн их итгэж явсан дүү нь хамар дороос нь урвах нь муухай санагдсан байх, муудалцсан ч биз. Лу.Гантөмөр  Ч.Лодойсамбуу хоёрын хувьд яг л  У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ шиг ойр дотно, хуурай ах дүү явсан цаг саяхан.  Тиймдээ ч унасан бөх шиг ууртай байна. Уурандаа хэлсэн үг нь болчимгүй ч уучлалаар төгсөх нь ч ойлгомжтой. Угаас АН-ын зодоон олны өмнө ил, Ардын намын нанчилдаан ордон дотор далд болдог нь гэм биш.

Ардчилсан парламент мөн бол Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдлэж, Засгийн газрыг огцруулах саналыг оруулснаараа АН-аас хөөгдөх гэм буруутай гэсэн үг бас биш. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих, хариуцлага ч нэхэх Үндсэн хуулийн эрхтэй. Үндсэн хуулиас давсан намын дүрэм гэж байх ёсгүй.  Гишүүдэд намын бодлогоос илүү хувийн улс төр хийх нь ашигтай байж болно. Намын даргын хувьд  АН-д 42 суудал олгосон 400 мянга гаруй сонгогчдоо амалсан амлалтаа биелүүлэх нь Л.Гантөмөрт чухал байгаа ч биз.

Нэг.

Засагт хамтрах шалтгаанаа тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг. Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.

Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.

Дэлхий дээр Ардчилсан намын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Монгол гэж ганц улс бий. Монгол Улсыг авч явах хувь заяа, хариуцлага манай үеийнхэнд ирсэн. Би монгол хүн. Монголынхоо эрх ашгийг нэгд эрэмбэлэх ёстой” гэж дэлгэрэнгүй тайлбарлаж байв.

Энэ тайлбараас нь дүгнэвэл Л.Гантөмөрт хувь улс төр хийхээс илүү том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх нь улс орны хөгжилд нэн чухал гэж шийдсэн бололтой. Цаг хугацаатай уралдаж, эрчим хүчний реформ хийх, экспорт, импортын гарцаа өргөжүүлэх, ураны олборлолтоо эхлүүлэх  тодорхой учир шалтгаан бий биз. Украин-Оросын дайн дуусвал, эрчим хүчний реформ хийх, ураны олборлолтоо эхлүүлэхэд хүндрэл учирч  болзошгүй. Утаандаа хордож үхэхдээ тулсан  хэрнээ уран хортой гээд “хар масс” хашгираад унавал M төслүүд улс төрөө даахгүй унана.

Л.Гантөмөрийн хэлсэнчлэн хамтарсан Засгийн үед Монголд томоохон реформ явагддаг, том төслүүд хөдөлдөг. С.Баярын Засгийн газрын үеийн гол реформ нь “Атарын III аян” ба Оюутолгойн гэрээ. Оюутолгойн төслийг хөдөлгөснөөрөө Монголын эдийн засаг 10 дахин тэлсэн. Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Ч.Сайханбилэгийн хамтарсан засгийн үед НӨАТ-ын шинэчлэл хийгдсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай хамт Монголын баялаг Монголдоо ирсэн. Алдаа, оноотой ч Дубайн гэрээний үр дүнд гүний уурхай ашиглалтад орсныг үгүйсгэх аргагүй. Аливаа юм үнэнээрээ сайхаан!

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Оюутолгойн төслөөс хойш 16 жилийн дараа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ураны салбарт татсан нь түүхэнд үлдэх үйл явдал мөн. Ураны салбарт Францтай хамтрах гэрээ байгуулах нь эдийн засагт хөрөнгө оруулалт татахаас гадна үндэсний аюулгүй байдлын баталгаа болно. Тэрчлэн Гашуунсухайтын хил холболтын гэрээг маргааш зурна. АН засагт хамтраагүй бол эдгээр төслүүд улс төрөө даахгүй унах байсан нь гарцаагүй.

Хоёр.

С.Эрдэнэ АН-ын дарга байхдаа З.Энхболд, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарыг намын бодлого сөрсөн, эсэргүүцсэн гэж хөөж, тууж л явсан. Атал өнөөдөр бүгд АН-ын гишүүн хэвээрээ, албан тушаал хашаад явж байна. З.Энхболд ч АН-ын дарга байхдаа намын үндсэн дүрэм болон бусад журам, шийдвэрийг дагаж мөрдөөгүй гэх шалтгаанаар зургаан гишүүнд хариуцлага тооцож, хасч байсан удаатай. Н.Алтанхуяг мөн адил Н.Энхбаяртай хийсэн гэрээг нь эсэргүүцсэн Ж.Батзандангийн намын батлахыг нь хурааж авахаа зарлаж байлаа.

Гэхмэтчилэн АН-ын даргаас гарсан үг-үйлдэл улс төрийн намд өрнөдөг, болдог, байдаг л үзэгдэл. Гэвчиг Лу.Гантөмөрийн ганц үнэн бол АН-ын даргаар сонгогдсон цагаасаа намынхаа эв нэгдлийг хамгаалж ирсэн. Нам дахь олон фракцийн эрх ашгийг хангаж ирсэн. Л.Гантөмөр тулдаа энэ их шүүмжлэл, эсэргүүцлийг хараагүй, сонсоогүй юм шиг шингээж яваа.

Хоржоонтой нь, ямбыг нь АН-ынхан бүгд эдлэх атлаа, ялыг нь Лу.Гантөмөр ганцаараа үүрч явна. Ядаж л МАН-ынхан шиг даргаа өмөөрөөд дуугарчих гишүүн АН-ын бүлэг дотор алга! Гээд АН ахиад хоёр хуваагдвал дахиад эвлэрэх хэцүүг Л.Гантөмөр сайн мэдэж байгаа. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа хоёр гадарлаж ч суугаа. “Монголыг ядуу байлгах сонирхол гаднаас, дотроос ч захиалгатай байдаг” гэх түүний үг үнэний ортой.

Eлс төрийн намын хувьд АН урьдын адил урьж аваачаад хөөж гаргадаг, уригдаж очоод хаяж явдаг шигээ загнаж болохгүй. Улстөрчийн хувьд Л.Гантөмөр хэлсэн ярьснаасаа ухарч, няцах эрхгүй. Тэгвэл 2028 онд АН-д, Л.Гантөмөрт ард түмэн итгэж, саналаа өгөх болов уу?!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *