Импортын барааны үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөв

Хэрэглээний үнийн индексийн 2025 оны нэгдүгээр сарын мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өсчээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны нэгдүгээр 7.6 хувь байсан бол 2025 оны нэгдүгээр сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс хоёр нэгж хувиар өссөн байна. Тухайлбал, улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 хувиар тус тус нөлөөлсөн байна.
Цагаан сарын үеэр иргэд их хэмжээний худалдан авалт хийдэг. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний эрэлт ихэснэ. Үүнийг дагаад инфляцид тодорхой нөлөө үзүүлдэг гэдгийг эдийн засагчид хэлдэг. Түүнчлэн Монгол Улс дийлэнх бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас авдаг учраас суурь үнийн өсөлт бий болдог аж.
2024 онд инфляц есөн хувьтай гарсан. Монголбанк 2025 онд инфляцыг зургаан хувь болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар инфляц 9 хувь давсан үзүүлэлттэй байгаа нь Монгол Улс энэ зорилтдоо хүрч чадахгүй гэх хүлээлтийг бий болгож байна.

Инфляц 2025 оны нэгдүгээр сард 9.6 хувь гарсны 2.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна гэх дүгнэлт гарчээ. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг байна. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна.