Х.Баттулгын “Баянгол”-ыг Баялгийн санд авъя!
Ж.Оджаргал, Х.Баттулга хоёр Монголын тэрбумтнуудын жагсаалтад зүй ёсоор бичигдэнэ. Тэдэнд адилтгах зүйл бий. Хэн, хэн нь Баянхонгор аймгаас угшилтай. Бизнесийнх нь замнал өөр ч нийгмийн шилжилтийн үед хоёул ганзагын наймаа хийж явсан намтартай.
Ялгаатай нь, ерээд оны их хувьчлалаар Женко.Баттулга хамгийн их хөрөнгөжсөн бол Ж.Оджаргал электрон барааны импорлогчоос уул уурхайн магнат болж компаниа өргөжүүлсэн. Х.Баттулга зураач мэргэжилтэй. Ж.Оджаргал автоматикийн инженер. Х.Баттулга “Женко” группын, Ж.Оджаргал “MCS холдинг”-ийн үүсгэн байгуулагч. Гашуунсухайтын төмөр зам “тэгнэсэн” тэдний зодоонд хамгийн их хохирсон нь Женко ч биш, Ж.Оджаргал ч биш, Монголын ард иргэд юм.
Спиртийн наймаачнаас Төрийн тэргүүн болтлоо намтараа зузаалсан Х.Баттулга өдгөө парламентын сул гишүүн болсон. Гишүүний тангараг өргөснөөсөө хойш чуулганы хуралдаанд тоотой үзэгдсэн Х.Баттулга хөх туг барин хөдөө, орон нутгаар тэнүүчлэх болсон нь Монголын баялгийг Монголын ард түмэнд өгөх гэсэндээ биш юм.
Тэр Монголоо хорлож, улсаа тонож ирснээс эх орныхоо эрх ашигт үйлчилж байгаагүй. Гашуун үнэн гэвэл энэ.
Монголчуудын тархийг угаахаар хөдөө орон нутагт бадарчилж яваа нь нэгд, Гашуунсухайтын төмөр замын хулгай, луйвраасаа нуугдаж, олны хэл амнаас зугатаах зорилготой байсан биз. Гашуунсухайтын төмөр замын төслийг нурааж, Монголын хөгжлийг олон арван жилээр гацаан, гадаадын эрх ашигт үйлчилсэн гэм нүглийг нь хууль, шүүхээр дэнслэх цаг мэдээж ирэх байх. Тэр хүртэл улс төрд “амьд” үлдэхийн төлөө Женко.Баттулга улс төр хийсээр байх нь нэн ойлгомжтой.
Хоёрт, Монголын баялгийг Монголын ард түмэнд өгөх нэрээр мөнхийн дайсан “MCS”-ийг дарж авах гэсэн эртний өс хорсолдоо ч хөтлөгдсөн биз. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын 34-50 хувийг “Баялгийн сан”-д төвлөрүүлэх түүний акц үндсэндээ гурван үсэгтэй компаниудыг чиглэсэн тодорхой ч болсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” Мөн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан нь үнэн боловч, баялаг гэдэг шал өөр тодорхойлолт юм. Газар доор байгаа байгалийн нөөцийг ашиглахын тулд хөрөнгө мөнгө, техник, технологи, хүний мэдлэг ухаан хэрэгтэй. Товчхондоо, баялаг үйлдвэрлэхэд хөдөлмөр гаргана, хөрөнгө зарцуулна. Олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компани байгуулахын тулд Ж.Оджаргал мэдээж багагүй хөдөлмөрлөсөн, хөрөнгө мөнгө зарцуулсан. Женкогийн хүссэнээр Ухаа худагийн 34-50 хувийг “Баялгийн сан”-д төвлөрүүлнэ гэвэл Монголын Засгийн газар “MCS” компанид төлбөр төлөх болно. Тэрбээр Монголын шилдэг таван татвар төлөгчдийн нэг. Ж.Оджаргал сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 3.1 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2023 онд 966 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан гэх тайлан мэдээ байна.
Харин Женко.Баттулга бол баялаг бүтээгч биш. Төрийн, төсвийн мөнгөөр барьсан үйлдвэрийг өмч хувьчлал нэрээр хулгайлж өөрийн болгосон болсон явдал, бодит факт. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ бөглөсөн ХОМ-ээс харахад “Баялгийн хувь”, “Женко тур бюро”, ХИД, “Вэбсофт”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Ай номадик” , “Өүпэн спейс”, “Мах импекс”, “Баян-Исгрийт”, “Наран баянбүрд хоршоо”, “Эрднэс Тавантолгой”, “Түмэнхишигтэн”, “Кинисмос”, “Их Монгол Чага интернэшнл”, “Дархан нэхий” гэх мэтчилэн 17 компанийн хувьцаа эзэмшдэг. Эдгээр компаниудыг цэвэр өөрийн хүч, хөдөлмөрөөрөө босгосон гэвэл түүнд итгэх хүн Монголд цөөхөн дөө.
Ингэж хардах үндэслэл нь, 1999 онд “Мах импекс”-ийг “Эрдэнэт”-ийн гурван сая ам.доллараар хувьчилж авсан болохыг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг тогтоосон бий. Төрийн өмчийн хорооны даргаар З.Энхболдыг ажиллаж байх үед гэсэн үг. “Талх чихэр”-ийг мөн адил З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад өмч хувьчлалаар авсан байдаг.
Х.Баттулгын “Баянгол” зочид буудлыг худалдан авсан мөнгөнөөс нь сейфэн дэх мөнгө нь их байсан тухай улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Мэдээж, овоо босгосон болоод шаазгай шагширсан байлгүй. Тэгэхээр төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан Х.Баттулгын хөрөнгийг Монголын ард түмний өмч байсан гээд “Баянгол”-оос нь эхлээд Баялгийн санд авахад шалтаг, шалтгаан багадахгүй л юм байна.