Цементийн импортын татвар: Чанар ба үндэсний үйлдвэрлэл

2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд болсон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгс олны анхааралд багагүй хүрчээ.
Хэдийгээр энэхүү уулзалт нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний талаарх уулзалт боловч ерөнхийлөгчийн хэлсэн үгс дундаас үндэсний үйлдвэрлэлтэй холбоотой зарим хэсгийг онцолмоор санагдав. Тухайлбал:
– “Төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх, гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнийг сурталчлах, брендинг хөгжүүлэх.”
– “харин, төр улс та бүхнийгээ боломжтой бүхнээрээ дэмждэг байх ёстой, хүндрэл бэрхшээл учруулдаггүй байх ёстой, …”
Тэрээр мөн КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг нэхэн дурдаж “хэзээ нэгэн цагт хил хязгаар хаагдах юм бол … Монгол Улс өөрөө өөрсдөө амьдарч чаддаг ийм улс болох ёстой юм байна аа гэдгийг бид нар тэр үед олж харсан, үйлдвэрлэгч орон болох ёстой юм байна, …” гэдгийг тодотгон хэлсэн байдаг.
Гэтэл, улс орны үйлдвэр, хөгжлийн нөхцөл байдалд ач холбогдолтой хүчин зүйлийн нэг болох цемент үйлдвэрийн салбарт манай төр буюу засгийн газар төрийн тэргүүний дээрх үгийн яг эсрэг ажиллаж байгаа гэлтэй шийдвэрүүдийг сүүлийн жилүүдэд гаргах болсон.
Тухайлбал, анх 1999 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор цементийн импортын татварыг 20% гэж тогтоож байсан. Улмаар, тус тогтоолд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр уг тогтоолын хавсралт дахь зарим бараа, бүтээгдэхүүний импортын татварыг Засгийн газар тогтоох буюу өөрчилж болох зохицуулалттай болжээ.
Энэхүү өөрчлөлтийг үндэслэн 2016 оны Ч.Сайханбилэг ерөнхий сайдын засгийн газар цементийн импортын татварыг 5% болгон бууруулж байв.
Харин, Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар цементийн импортын татварыг 2022 онд 0% болгож, 2024 онд 5% болгож тус тус бууруулж байсан байна. Хачирхалтай нь ийнхүү бууруулахдаа тодорхой хугацаа заах ажээ. Жишээлбэл, 2024 онд 5% болгон бууруулсан нь 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 сарын 01-ний өдрийн хооронд хүчинтэй бөгөөд энэ хугацаа дуусмагц эргээд 20% болно гэсэн үг.
Дээрх хугацааг та сайн ажиглавал яг барилгын салбарын ажил эд бужигнадаг үе байгааг төвөггүйхэн харж болно. Засгийн газар ийнхүү цементийн импортын татварыг бууруулж буй үндэслэлээ “цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн” гэх зэргээр тайлбарладаг (тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийн хэсэг).

Гэтэл нөгөө талдаа, Засгийн газар ийнхүү цементийн импортын татварын хувийг бууруулж байгааг үндэсний цемент үйлдвэрлэгчид болох МАК, Мөнхийн Баян Гал ХХК, Монполимет, Монцемент зэрэг үйлдвэрүүд эсэргүүцэж буйгаа тухай бүр илэрхийлж харагддаг. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан засгийн газрыг төлөөлөн хэлсэн дээрх тайлбар үндэслэлгүй гэж хардахуйц байгаа юм.
Угтаа, Монгол Улс 2015 он хүртэл цементийн эрэлт, хэрэгцээний дийлэнхийг буюу 56-88 хувийг БНХАУ-аас импортолдог байсан бол 2015 онд цементийн импортын татварыг нэмэгдүүлж, мөн дотоодын үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдсэнээр импортоор авдаг цементийн хэмжээ 17-25 хувь болтлоо буурсан талаар “barilga.mn” компани 2018 онд мэдээлж байжээ. Ингэснээр тухайн үедээ жилд гадагшаа урсдаг байсан 14-97 сая ам.доллар таван сая ам.доллар болтлоо буурчээ. Дотоодын цементийн борлуулалт 2013 онд 12 хувь байсан бол 2017 онд 80 хувьд хүрч өсөж байсан байна.
Ийнхүү цементийн импортын татварыг бууруулах нь дотоодын үйлдвэрлэгчдэд халгаатайгаас гадна мөн барилгын чанар, аюулгүй байдалд ч ихээхэн эрсдэл учруулж байна. Тухайлбал, импортын цементийн чанар, аюулгүй байдалд Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам болон Нийслэлийн Хяналт, Шалгалтын Газраас 2024 оны наймдугаар сард хяналт шалгалт хийсэн байдаг. Тус хяналт шалгалтаар импортын зарим цементэд физик, механикийн шинжилгээг хийхэд зарим нь бат бэхийн үзүүлэлтээ хангахгүй гарсан бөгөөд энэ нь барилгын чанар, аюулгүй байдалд эрсдэл үүсгэх тухай Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Мөнхцэлмэг хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурджээ. Түүнчлэн, импортоор орж ирсэн цементэд гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн гэрчилгээ, чанарын гэрчилгээнүүд байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн гэжээ.
Тухайлбал цемент үйлдвэрлэснээс хойш 3 сарын дараа бат бэхээ алддаг тул цементийг үйлдвэрлэсэн огноо нь онцгой ач холбогдолтой мэдээлэл бөгөөд ийнхүү чанарын гэрчилгээ байхгүй, үйлдвэрлэсэн огноог нь тэмдэглээгүй зэрэг нь мөн л ихээхэн эрсдэл дагуулж болох зөрчил байна.
Мөн, Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын лабораторид цементийн цацраг идэвхжилийн хэмжээг шалгахад дотоодын үйлдвэрийн дундаж цементийн цацраг идэвхжилийн хэмжээ 57 бк/кг байсан бол энэ үзүүлэлт нь импортын цементийн хувьд 115 бк/кг буюу даруй 2 дахин их хэмжээтэй гарсан байна.
Зарим иргэд, улс төрчид зах зээлийн зарчмаараа зохицуулагдах ёстой тул цементийн импортын татварын хувийг бууруулах нь буруу биш гэсэн байр суурийг илэрхийлдэг. Гэтэл, ийнхүү бууруулснаар зах зээлд эзлэх импортын цементийн хувь, хэмжээ илт ихсэж байгаа нь дээр дурдсан чанар, аюулгүй байдлын эрсдэл дагуулахаас гадна үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч ярих хэмжээний асуудлуудыг ч дагуулж байж болзошгүй юм.
Угтаа, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Гадаад худалдаа, интеграцийн бодлого” хэсгийн 3.2.5.2 заалтад “Гадаад худалдааны алдагдлыг багасгаж, тарифын болон тарифын бус арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохистой хэрэглэнэ. Стратегийн бараа, түүхий эдээр үндэсний үйлдвэрлэлийг найдвартай хангаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын таатай нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тун тодорхой заасан байдаг.
Мөн, 3.2.5.3 заалтад “Нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүн нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх бодлого баримтална. … Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.” гэж ч заасан байдаг.
Гэтэл, Үндэсний статистикийн хорооны 2024 оны 12 сарын статистикийн мэдээнд дурдсанаар 2024 онд манай улс 300 орчим мянган тонн цементийг 19-20 орчим сая ам.доллароор импортолсон бөгөөд үүний 95-98% нь Хятад улсаас импортлогджээ. Сүүлийн жилүүдэд валютын нөөцийн асуудал байнга сөхөгддөг болсон ийм нөхцөлд эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой байхад дотоодын үйлдвэрүүд чанартай, бүрэн хэмжээнд хангаж болох төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг эрс бууруулж эсвэл бүр тэглэж ийм өндөр дүнгээр валют тогтмол гадагшлуулах үр дүнд хүргэж байгаа нь засгийн газрын энэ бодлогын ард өөр эрх ашиг бий юу гэх хардлага ч төрүүлэхээр.

Ингээд харвал цементийн импортын татварыг тэглэх, бууруулах нь гадаад худалдааны алдагдал талаас ч, дотоод үйлдвэрийг дэмжих бодлогын хувьд ч, мөн тодорхой бараа, бүтээгдэхүүн, тэр дундаа үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий цементийн хувьд нэг орноос хэтэрхий хараат байгаа зэрэг нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дээрх заалтуудтай илтэд зөрчилдөж байгаа нь харагдаж байна.
Удалгүй барилгын салбарын идэвхтэй улирал болох гэж байгаа энэ үед засгийн газар дахин цементийн импортын татварын хувийг бууруулах вий гэсэн санаа зовнил зарим үйлдвэрлэгч нар, мэргэжилтнүүдэд төрж буй нь гарцаагүй.