“Гацуурт”-ын Л.Чинбат дахиад хуулийн байгууллагад дуудагдах уу

0

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс эрх мэдлээ ашиглан авсан улстөрчдийн дуулиантай зэрэгцээд Засгийн газрын бусад тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт ч олны анхааралд өртөх болсон. БХЯ-нд харьяалдаг Зэвсэгт хүчний хөгжлийн сан, ХХААХҮЯ-ны дээрх сангаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг “саалийн үнээ”-нээс гарсан их хэмжээний хөрөнгө эргэж төлөгдөөгүй, өртэй аж ахуйн нэгжүүд тендерт шалгарсан гээд маш олон зөрчил илэрч буй.

МАЛ ХАМГААЛАХ САНГААС АВСАН ЗЭЭЛДЭЭ 200 ТОЛГОЙ ҮХЭРТЭЙ АЖ АХУЙ ӨГӨХ БАЙЖ

Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаар тусгай сангуудын талаар хэлэлцэж, долоог нь татан буулгаж, зээл, санхүүгийн дэмжлэг, татаас олгодог, ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн гурван санг нэгтгэх болсон. Сангийн яамнаас Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах санд хийсэн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн бөгөөд үүний багагүй хэсэг нь Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын удирддаг “Гацуурт” болон түүний харьяа компаниудтай холбоотой нь илэрсэн байдаг.

Тухайлбал, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас Мал хамгаалах санд хийсэн шалгалтын дүгнэлтэд “Засгийн газраас баталсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Махны цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй эрхлэх” төсөл сонгон шалгаруулах тендер 2011 онд зарлаж, үүнд шалгарсан “Гацуурт” ХХК-д нэг тэрбум төгрөг Мал хамгаалах сангаар дамжуулан олгожээ.

Энэ төсөлд зааснаар бол 2017 он гэхэд ХХААХҮЯ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж ахуй хүлээн авч, 200 толгой өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч үхэртэй болох байж. Гэвч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мал хамгаалах сангийнхан нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай гэрээ байгуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Францаас импортоор авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд үржүүлж, хамтран ажиллах гэрээ байгуулан хоёр тэрбум төгрөгийн зээл авчээ. Уг гэрээгээр бол мах, сүүний чиглэлийн монтбелард үүлдрийн 176 толгой үхэр Мал хамгаалах санд нийлүүлэхээр болсон аж. Гэвч ХХААХҮЯ болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХК-тай байгуулсан гэрээгээ дүгнээгүй, 2015, 2016 онд гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлээ төлөөгүй байна. 

Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүйгээс үүссэн алданги нь 2017 онд 21.9 сая, 2016 онд 11 сая, нийт 32.9 сая төгрөг байна. Анхны гэрээг зөрчиж цэвэр цусны лимузин үүлдрийн үхэр аваагүй, ангус үүлдрийн үхэр болж өөрчлөгдсөн энэ тохиолдолд үнэлгээний зөрүү гарах ёстойг харгалзалгүйгээр нэг тэрбум төгрөгийн зээлийг хааж, хоёр тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байна. “Гацуурт” ХХК-тай 2013 онд байгуулсан хоёр тэрбум төгрөгийн зээлээс 1.2 тэрбум төгрөг эргэн төлсөн байх гэрээний үүрэг хангагдаагүй, хугацаа хэтэрсэн байх тул энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх” гэжээ.

ХХААЯ-НЫХАН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

“Гацуурт” компани нь 2010 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зарласан үр тариа хураах комбайн нийлүүлэх тендерт шалгарч байжээ. Харин Сангийн яамнаас уг тендерийн шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтийг хянаж үзээд 2010 оны гуравдугаар сарын 22-нд 5/1244 тоот албан бичиг тухайн үеийн ҮХААЯ-нд хүргүүлсэн аж. Түүндээ “Захиалагчийн гэрээ байгуулах шийдвэр хууль, журамд нийцэхгүй байна” хэмээн дурдаад, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн гэнэ. Гэвч ҮХААЯ-ныхан зөрчлийг арилгалгүй, “Гацуурт” ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн шалгалтын дүнд онцолжээ. Мөн 2011 онд зарласан тендерийн үнэлгээний дүгнэлтийг Сангийн яам хянаад “Гацуурт” компанийн харьяа “Баяндулаан-Уул” ХХК нь татварын өртэй байгаа нь шаардлага хангахгүй гэж мэдэгдсэн байхад хууль зөрчиж гэрээ байгуулсныг ч бас дурдсан аж.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2011 оны намрын ургацаас “Гацуурт” ХХК-ийн харьяа 16 аж ахуйн нэгжээс 45 407.5 тн буудай хүлээж авсан хэмээн тайлан гаргаж. Харин мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд 41 100 тн буудай хүлээж авсан хэмээн тооцсон байхад дээрх сангийн Сэлэнгэ салбарын 2011 оны санхүүгийн тайланд 45 407.5 тн буудай хүлээж авсан гэж тусгасан нь 4307.5 тн-ын зөрүүтэй байж.

Мөн өдгөө ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй үйлдлийг ч дүгнэлтэд тусгасан байна. Түүнд “Гацуурт” ХХК нь тус сангийн буудайнаас зөвшөөрөлгүйгээр “Хангай миллс” компанид 17.9 мянган тн буудайг нэг тн-ыг нь 280 мянган төгрөгөөр тооцож заржээ. “Гацуурт” ХХК-ийн агуулахад хадгалж байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өмчлөлийн 39 040 тн буудайнаас дур мэдэн “Хангай миллс” ХХК-д 17 970 тонныг борлуулсан байна. Ингэснээр “Гацуурт” ХХК-ийн нэр дээр 2013 онд 4.2 тэрбум төгрөгийн авлага үүсгэсэн нь одоо ч эцэслэн шийдвэрлээгүй байна. Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6.2 тэрбум төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад сангийн тайланд 4.4 тэрбум төгрөгийн авлагатай гэжээ. Үүний зөрүү 1.8 тэрбум төгрөг бөгөөд 1.2 тэрбум нь алдагдал боловч “Гацуурт” компаниар төлүүлээгүй” гэжээ.

ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛ НПГ-ААС БАТЛАВ

Энэ мэтээр “Гацуурт” компанийн харьяа аж ахуйн нэгжүүдтэй холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг Сангийн яамныхан Засгийн газарт танилцуулсан. Манай сонин тус компанийн захирал Л.Чинбатыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй талаарх мэдээллийг “Гацуурт”-ын Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг НПГ-ынхан хэрхэх бол” гарчигтай нийтлэлээрээ өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд уншигчдадаа хүргэсэн билээ. Гэтэл Л.Чинбат манай сониныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, 50 сая төгрөг нэхэмжилжээ.

“Өнөөдөр” сонин түүнийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа талаар бодитой мэдээлэл нийтэлсэн юм. Тодруулбал, дээрх нийтлэл хэвлэгдэж байх цаг үед НПГ-ын хяналтын прокурор тогтоол гаргаж, Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах болсон байв. Уг тогтоолд “Л.Чинбат нь өөрийн үүсгэн байгуулсан “Гацуурт” болон нэр бүхий 15 компанийн нэрээр 2013-2014 онд гурилын үйлдвэрүүдэд буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн урамшууллын материалыг хуурамчаар бүрдүүлэн 2 163 376 900 (хоёр тэрбум нэг зуун жаран гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуу) төгрөгийн урамшуулал авч, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэжээ. Улмаар уг тогтоолыг Л.Чинбатад танилцуулахыг цагдаагийн мөрдөгчид даалгасан аж. Үүний дагуу түүнийг дуудан ирүүлэх хуудас ч хүргүүлсэн байдаг юм билээ. Сангийн яамныхны дүгнэлтүүдийг үндэслэн дээр дурдсан хоёр санд төлөөгүй мөнгийг эргүүлэн төлүүлэхийн тулд хууль сахиулах байгууллагаар шийдвэрлүүлэхээр бол Л.Чинбатыг дахиад шалгаж мэдэх нь.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *