Бортолгой, Ончхараатад БНХАУ-ын ямар ДӨРВӨН компани олборлолт хийх вэ

–Дөрвөн компанийн нэгт Чалко байгаа нь тодорхой байна-
“Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр замын холболт, нүүрсний талбарын хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газартай үзэглэсэн. Ингэснээр нүүрсэн дээр “Чайна Энержи”-тэй хамтрах ажлын эхлэл тавигдаад байна.
Тавантолгой нүүрсний ордын Бортолгой, Ончхараатын хэсэгт хайгуул-олборлолт болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн цогц ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2023 онд зарлагдаж байв. Гэвч сонгон шалгаруулалт явагдаагүй. Энэхүү тендерээ дахин зарлана гэсэн үг. Улмаар Тавантолгойн хоёр уурхайд олборлолт хийх сонирхлоо илэрхийлснийх нь дагуу “Чайна Энержи” дөрвөн компаниа оруулж ирнэ гэж ойлгогдож буй. Одоогоор ямар компаниуд байгааг холбогдох албаныхан нууцалж байгаа юм. Ямартай ч,
- “China Shenhua Energy” компани
- “Чалко трейдинг хонконг” ХХК гэсэн хоёр компани байгаа нь тодорхой байна.
- “China Energy Investment Corporation”
- “China Coal Energy” орж ирэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Эдгээр нь хятадын нүүрсний томоохон компаниуд юм.
-БНХАУ-ын 4 компани хоёр ордын ТЭРБУМ ТОНН нүүрсний дөрөвний нэгийг нь олборлоно-
Ямартай ч дөрвөн компани хоёр ордод 16 жил олборлолт явуулахаар болсон. 2025, 2026, 2027 онуудад 5, 5, 5 сая, 2028, 2029 онуудад 6, 6 сая нүүрс олборлож, борлуулна. Харин 2030 оноос буюу төмөр замын хил холболт холбогдсоноос хойш жилд 20 сая тонныг олборлоно.
Чингэхлээр 2041 он хүртэл нийт 247 сая тонн нүүрс олборлож таарах нь.
1984-1988 онд хийсэн эрэл үнэлгээний тайлангаар Ончхараатын хэсэгт 659.4 сая тн, Бортолгойн хэсэгт 389.6 сая тн нөөц баялгийг тус тус батлуулсан. Нийлээд тэрбум тонн нүүрсний баялагтай ордууд.
Тэгэхээр тэрбум тонн нүүрснээс 247 сая тонныг нь буюу дөрөвний нэгийг нь хятадын компаниудаар олборлуулах нь.
Цаашлаад 16 жил олборлох 247 тонн нүүрсийг
- Хайгуулын ажил-төгрөг (₮)/тууш метр
- Уулын цул-төгрөг (₮)/метр куб (м3)
- Нүүрс баяжуулалт-төгрөг (₮)/тонн (тн)
хэд байх вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Манайх 2025 оны төсөвт нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй. Ингэхдээ нүүрсний экспортын үнийг тонныг нь 105 ам.доллар гэж төсөөлсөн. Харамсалтай нь зах зээл дээр үнэ асар хурдтай уначихлаа. Хэрвээ энэ эрчээрээ цаашид нүүрсний үнэ унасаар байвал төсвийн орлого тасрах эрсдэл учрахыг ч үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүсэв.
–Чалкод алдсан боломж буюу гашуун түүх бидэнд бий…-
Олборлолт явуулах дөрвөн компанийн нэгт “Чалко” компани дахин орж ирж байгаа нь анхаарал татах асуудал мөн. Учир нь тус компанитай өмнө нь байгуулсан гэрээний алдааг давтах вий, Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг унагаах вий гэдэг болгоомжлолыг араасаа дагуулах юм.
“Чайна Энержи” компани нүүрсний үнийг “Чалко”-гийн аргачлалаар тооцохыг шаардаж байгаа. Мөн уурхайн ам нөхцөлөөр авч, өөрсдөө тээвэрлэлтээ хийх сонирхлоо илэрхийлсэн гэгдэж буй.
Ямартай ч, Уул уурхайн биржийн тухай хуульд урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн биржийн үнийн дунджаар тооцно гэж заасан байдаг. Иймд нэн түрүүнд уг хуулийг өөрчлөхгүй бол гэрээ байгуулагдахгүй. Хаврын чуулган эхлүүт ганц хоёр хуулиа яаралтай засах шаардлага байгаа.
Чалкогийн түүх сөхвөл,
89.0 ам.доллароор тогтоохоор байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко трейдинг хонконг” ХХК-тай 2011.07.26-ны өдөр байгуулсан А/11/040 дугаартай гэрээний 8.1-д 70.0 ам.доллар буюу 19.0 ам.доллароор бага тогтоосон.
“ЭрдэнэсТавантолгой” ХК 2018-2022 онд “Чалко трейдинг хонконг” ХХК-д Цанхийн зүүн уурхайгаас 14.4 сая тонн коксжих нүүрс борлуулахдаа бусад компанид коксжих нүүрс борлуулсан үнээс тонн тутамд 0.4-13.5 ам.доллароор доогуур үнээр борлуулахаар гэрээ байгуулснаар 107.3 сая ам.доллар буюу 306.2 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан байдаг.
2022 оны гуравдугаар сард гэрээний үндсэн хугацаа дуусаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэлт гэрээ таван жилийн хугацаа хэрэгжиж эхэлсэн тул спот үнээс 17.0 хувиар бага тогтдог байсан хувийг бууруулж, нүүрсний суурь үнийг тонн тутамд 6.63 ам.доллароор нэмэгдүүлжээ. Ингэснээр тус гэрээний үнэ нь бусад богино хугацаат гэрээний үнээс 12.5 хувиар бага байхаар шинэчлэн тогтоож байлаа.
Эх сурвалж: Eguur.mn