“Морингийн давааны хогноос эрчим хүч гаргана”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Морингийн давааны хог булах цэгийн хогноос эрчим хүч гаргаж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр /2025.03.07/ нээх талаар мэдэгдлээ.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Морингийн давааны хог булах цэгийн хогноос эрчим хүч гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буйг та бүхэнд дуулгая. Монгол Улсад анх удаа, тэр дундаа Улаанбаатар хотод хатуу хог, хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр нээнэ.
Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн түүнээс хойш цугларсан хатуу хог хаягдлыг бус сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээхээр төлөвлөөд байна.
Нийслэлийн удирдлагын баг ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын аливаа асуудлыг шийдэхэд тулгамдаж буй эрх зүйн гацаануудыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг зорьсон. Улмаар төлөвлөлт, судалгааны ажилд ихээхэн анхаарлаа. Ингэж явсаар өнөө жилээс томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эхнээс нь эхлүүлэхэд бэлэн болсон гэдгийг энэ ялдамд та бүхэндээ дуулгахад таатай байна” гэв.