Д.Сумьяабазар гэрч, Ж.Сүхбаатар буруутан болж, Б.Ганхуяг биеэ өмөөрч, Ж.Эрдэнэбат үнэнээ хэлэв
Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал өчигдөр /2025.03.07/ зургаа дахь өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шүүх хурал нь 12 удаа хойшилсон байдаг.
Иймд өнгөрсөн зургаан удаагийн шүүх хуралдаанд хэн хэн ямар байр сууринаас оролцож ямар тайлбар хэлснийг тоймлон хүргэе.
Ногоон автобусны шүүх хурал тав дахь өдрөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж буй. Хуралдааны зарим хэсгийн нээлттэй шууд дамжуулж байгаа бол зарим хэсгийг техникийн саатал хэмээн шууд дамжуулаагүй. Тиймээс дараах мэдээллийг шүүх хурлын зөвхөн нээлттэй явсан хэсгээс бэлтгэсэн болно.
-Ногоон автобусны хэргээс мултрагчид болон шүүгдэгчид-
Тав болон зургаа дахь шүүх хурал өнгөрсөн пүрэв, баасан гарагуудад болсон. Харин өмнөх дөрөв нь сар шинийн баярын өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 24-27 өдрүүдэд болсон.
Өнгөрсөн шүүх хуралдаанаар ногоон автобусны хэрэгт нэр холбогдсон хүмүүс ямар байр сууринаас шүүх хуралд оролцож байгаа нь ил болсон. Тухайлбал хэрэгт хамгийн түрүүнд нэр дурдагддаг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон ажлын хэсгийн төлөөлөгчид шүүгдэгчээр оролцож байна. Харин Хотын дарга асан Д.Сумьяабазарын хувьд шүүх хуралд гэрчээр оролцож байгаа бөгөөд тэрбээр нэг ч удаа биеэр ирж мэдүүлэг өгөлгүй өөрийн мэдүүлгийг бичгээр дамжуулсан байдаг.
Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой ажлын хэсгүүдийн зарим гишүүн шүүгдэж байгаа бол ихэнх нь шүүх хуралдаанд огт оролцохгүй байгаа. Харин нийслэлийн нийтийн тээврийн газар уг хэрэгт захиалагчийн бус оролцогчийн байр сууринаас оролцож байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн газар нь өөрсдийн авсан автобусны худалдан авах ажиллагаанд оролцоогүй захиалахад нь хяналт тавьсан гэх байр суурийг илэрхийлээд байна.
-Д.Сумьяабазар шууд Ж.Сүхбаатарыг буруутгасан бол Б.Ганхуяг солонгосчуудыг буруутгав-
Ногоон автобусны гэх хургийн шүүх хуралдааны эхний өдөр хэргийн яллах дүгнэлтийг танилцуулсан бол үргэлжлүүлэн шүүгдэгчдийн мэдүүлгийг сонссон.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар бичгээр “Ногоон автобус худалдан авах, нийлүүлэх ажилд оролцоогүй. Би зөвхөн эрхийнхээ дагуу захирамж гаргаж ажлыг хэсэг томилсон. Тэгэхдээ Ж.Сүхбаатар сайдад итгэж, түүний хүсэлтийн дагуу н.Жавхлантбаатарыг томилсон. Бусад асуудлыг Ж.Сүхбаатар сайд хариуцан ажилласан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн.
Харин УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг шүүхийн өмнө батална” гэж мэдэгдсэн байдаг. Харин тэрбээр өнгөрсөн өдрүүдэд шүүх хуралд ирсэн гэх мэдээлэл байгаа ч ямар мэдүүлэг өгснийг шүүх нээлттэй явуулсангүй.
Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганхуяг “Улсын яллагч намайг хуучин автобус оруулж ирсэн гэж яллаж байгаа юм уу эсвэл гэрээнд заасан техникийн тодорхойлолтод дурдагдсан үзүүлэлтээс дутуу автобус оруулж ирсэн гэж яллаад байгаа юм уу би ойлгохгүй байна. Мөн залилах гэмт хэрэг зохион байгуулсан гэжээ. Энэ хэрэгт БНСУ-ын “Daewoo” компанийн хоёр ажилтан Монголд доголдолтой бараа нийлүүлсэн байхад хэргийг нь яагаад хэрэгсэхгүй болгосон юм бэ. Хохирол гээд байгаа улсын мөнгийг манай компани 100 хувь БНСУ руу шилжүүлсэн” гэсэн юм.
-Ногоон автобус худалдан авах ажилд оролцсон ажлын хэсгийнхэн “хууль бус гэрээ” хийж байгаагаа мэдээгүй гэв-
Харин тавь дахь өдрийн шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ажлын хэсгийнхнээс асуулт асууж хариулт авав. Энэ үеэр техникийн тодорхойлолт гаргах ажлын хэсэг болон тендер сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн өмгөөлөгчийн асуултад хариулсан.
Ингэхдээ бүгд “хууль бус гэрээ гэдгийг мэдээгүй. Зөвхөн Тэнүүн огоо ХХК-д зориулж техникийн үзүүлэлтийг өөрчлөөгүй. Дээрээс ирсэн албан бичгийн дагуу ажлаа хийж байсан” гэх хариултуудын өгч байв.
Сонирхолтой нь эдгээр ажлын хэсэгт ажиллаж автобус худалдан авах ажиллагаанд оролцсон зарим гишүүн. Тухайлбал Техникийн тодорхойлолт боловсруулах болон тендер шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллаж байсан н.Чойжилсүрэн гэх гишүүн нь ажилд ороод сар болж байсан гэх мэдүүлгийг өгч байна. Мөн түүний ажилласан ажлын хэсэг буюу ногоон автобусны анхны техникийн үзүүлэлтийг Тэнүүн огоо ХХК-д тааруулан дахин өөрчилсөн байж болзошгүй тус ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан аж. Гэвч шүүх хуралд зөвхөн тус ажлын хэсгийн нарийн бичиг н.Чойжилсүрэн ирсэн байлаа.
Мөн тендер шалгаруулах албаныхны хэлснээр дөрвөн удаа тендер зарлаж дөрөв дахь дээрээ Тэнүүн огоо ХХК-ийг сонгосон. Сонгон шалгаруулалтад анхнаасаа Евро 5 гэсэн ангилал байгаагүй. Евро 3 гэж байсан гэх. Улмаар Тэнүүн огоо ХХК евро 3 хөдөлгүүртэй автобус нийлүүлнэ гэж тендерт шалгарсан байгаа юм.
Гэвч тус компани евро 2 хөдөлгүүртэй автобус оруулсан байдаг. Ингэхдээ бүр евро 5 гэсэн наалт нааж наасан нь тодорхой болсон.
Тодруулбал, өчигдрийн /2025.03.07/ шүүх хуралдааны үеэр Тэнүүн огоо ХХК “Ноотой ногоон” автобусыг анх оруулж ирэхдээ евро 2 хөдөлгүүртэй автобус гэж гаальд бүртгүүлээд евро 5 гэсэн наалттай Улаанбаатарт авч ирснийг “Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат батлав.
Тэрбээр улсын яллагчийн асуултад хариулт өгөхдөө энэ талаар хэлсэн юм.
Тэрбээр “Замын-Үүдээр оруулж ирсэн 100 автобусыг би тосож авсан. Нэг бүрчлэн шалгах боломж байгаагүй. Би зүгээр л жолооч томилсон. Гаалийн бүртгэлд бүх автобусыг Евро 2 хөдөлгүүртэй гэж бүртгүүлсэн. Гэхдээ автобуснууд дээр евро 5 гэсэн наалт байсан. Би тэрийг харсан ч хэн нэгэнд мэдэгдээгүй өнгөрсөн. Харин анх евро дизель автобусанд нэмэлт төхөөрөмж суурилуулан өөрчлөх боломжтой албан бичигт гарын үсэг зурахдаа би өвчтэй байсан тул хянаагүй” гэх мэдүүлгийг өгсөн юм.
Эндээс харахад, Тэнүүн огоо ХХК болон гааль, холбогдох төрийн байгууллагууд анхнаасаа бүх процессыг мэдэж байсан аж. Мөн евро 2 хөдөлгүүртэй автобусанд нэмэлт төхөөрөмж суурилуулах албан бичигт гарыг үсэг зурсан гүйцэтгэх захирал нь өвчтэй байсан учир цаасаа ч харалгүй гарын үсэг зурсан. Түүнийхээ дараа евро 2 хөдөлгүүртэй автобуснуудыг Замын-Үүдэд хүлээн авсан. Дараа нь компани нь евро 5 гэсэн наалт нааж иргэдийг төөрөгдөлд оруулахаар танилцуулга хийсэн болж таарав.
Харин шүүх хурлын ерөнхий явцыг анзаарвал шүүгдэгчид бүгд “өвчтэй байсан. Ажилд ороод удаагүй байсан” гэх мэдүүлэг өгч байна. Түүнчлэн хэдийнээ хэрэг нь ил болсон Тэнүүн огоо ХХК-ын ерөнхий захирал Б.Ганхуяг бусдаас хариуцлага нэхэж, бүх хариуцлагыг автобус худалдаалсан БНСУ-ын талд чиглүүлэх төлөвтэй байна.