ЭТТ”: Ажлын байрны сонгон шалгаруулалтын шалгалтад 434 хүн оролцож байна
Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт өнөөдөр МҮХАҮТ-д эхэллээ. Сонгон шалгаруулалт зарласан 71 ажлын байрны 88 орон тоонд давхардаагүй тоогоор 1215 иргэн сорилын шалгалт өгчээ. Үүнээс өндөр оноо авсан 434 иргэн өнөөдрийн ярилцлагын шалгалтад оролцож байна.
Нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг МҮХАҮТ ахлан, нэгдүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-нд өөрийн байрандаа зохион байгуулж байна.
Ярилцлагыг тухайн салбарын мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 3 гишүүнтэй 10 баг зэрэг авч байна. Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.
Ярилцлагын үйл явцыг хөндлөнгийн шинжээчид хянан ажиллаж байна. Ярилцлага нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нөөц бүрдүүлэх нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулах сүүлийн шат юм. Сорилын болон ярилцлагын шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч нарыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага сонгосон албан тушаалд томилно.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалт нь цаашид төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог шинэ жишгийг бий болгож буйг албаныхан хэлж байна.