Х.Нямбаатарын гомдлыг хэлэлцэж эхлээгүй байна
Хан-Уул дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын гомдлыг хэлэлцэх товтой.
Тодруулбал, тус шүүхээс Х.Нямбаатарт холбогдох 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргасан. Харин захирамжийг үндэслэлгүй байна хэмээн хариуцагч талаас гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг өнөөдөр хэлэлцэх юм.
Тухайн шүүхээс энэ талаар тодруулахад “Хараахан хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөр 19 гомдол хэлэлцэхээс 10 дахь нь орж байна” гэлээ.
Эргэн сануулахад, “Эко автомашин импортлогчдын холбоо”, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-уудаас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандаад байгаа.
Тэд хүсэлтдээ “Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 1 тэрбум төгрөг гаргуулах” тухай дурдсан. Энэ дагуу, шүүхээс хүсэлтийг хүлээн авч хянаад, үндсэн хэрэг шийдэгдэх хүртэл Х.Нямбаатарын 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргаад байгаа билээ.