Ж.Оджаргал эх орондоо иржээ

УИХ-ын чуулган өчигдөр эхэллээ. Энэ чуулганы эхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “…”Энержи ресурс” ХХК-тай Ухаахудагийн ордыг эзэмшүүлсэн шийдвэрийг хуульд нийцүүлэх хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох”, “…Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Тэгвэл тэдгээртэй нэр холбогдоод байгаа Ж.Оджаргал өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Ж.Оджаргал нь Ухаахудагийн ордыг эзэмшдэг “Энержи ресурс” ХХК-ийн томоохон хувьцааг эзэмшдэг “М Си Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга юм.
Мөн тэрээр “Энержи ресурс” ХХК-ийн хувьцааг эзэмшигч “Энержи ресурс корпораци” ХХК-ийг эзэмшигч Люксембургийн вант улсад бүртгэлтэй “Монголиан коал корпорэйшн С.А.Р.Л” компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг.
Б.Гарьд
2025 оны гуравдугаар сарын 18, №49
“ЗУУНЫ МЭДЭЭ” сонин