О.Уламсайхан: Чатаар ирсэн гомдлын дагуу биднийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж, байцаасан

“Ноорог” медиагийн найман ажилтныг урд шөнө 06.30 цаг хүртэл байцааж, оффист нь нэгжлэг хийн, хувийн гар утас болон техник хэрэгслийг хураан авсан. Энэ талаар “Ноорог”-ийн Гүйцэтгэх захирал О.Уламсайхан болон өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийн, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Хойшлуулшгүй ажиллагаа мэтийн маш олон шинэ үгтэй танилцлаа. Тухайн сэжигтэн оргон зайлах, нотлох баримтаа нуун дарагдуулах зэрэг магадлалтай үед л хэрэглэгддэг ойлголт юм байна. Гэтэл бид цэргийн баярын урд өдөр ажил дээрээ компьютер тоглоод л сууж байсан. 21.00 цагийн үед бидний байршлыг хэн нэгэн тодруулж асуугаагүй мөртлөө шууд мэдэж ирсэн.
Бидний утас, техник хэрэгслийг хурааж авсан. Өмгөөлөгчтэйгөө холбогдмоор байна гэхэд “Очоод холбож өгнө” гэж хэлсэн.
Одоог хүртэл гар утас болон техник хэрэгслийг буцааж өгөөгүй байна.
Бидэнд анх хуулийн үндэслэлээ огт танилцуулаагүй. “Та нарын хийдэг ажилтай холбоотой” л гэсэн.
Авчирсан хойноо үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн заалтад үндэслэн прокурор луу баривчлах хүсэлт явуулж, хариу иртэл нь биднийг хүлээлгэсэн.
Бидний эрх зүйн байдлын талаар манай өмгөөлөгч дэлгэрэнгүй хариу өгөх байх. Өчигдрийн болсон зүйлс өмнө нь ч давтагдаж байсан. Би өмнө нь энэ газар ирж байсан. 2024 оны 12-р сарын 31-ний өдөр очиж, мэдүүлэг өгсөн. Дандаа шөнө орой, ажлын бус цагаар залгадаг, мөн тухай бүрд үндэслээ хэлдэггүй.
Одоо УИХ-ын сонгуулийг баримтжуулсан “18 хоног” киногоо гаргаж эсэхээ ч мэдэхгүй байна. Киноны эвлүүлэг дуусаагүй үргэлжилж байгаа. Тэнд яг киноны хууль бус үйлдлийг баталгаажуулсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Гэхдээ сонгууль хэрхэн шударга бус үйл явдал болдгийг хангалттай харуулсан.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү Фэйсбүүк чатаар иргэн гомдол гаргасан гэсэн. Тэр чатыг үзүүлсэн. Гомдол гаргагч нь, манай хийдэг бичлэгээс болж амиа хорлох гээд байна утгатай зүйл бичсэн байна лээ. Зохиомол нэртэй хаяг байсан. Тэр гомдлын төлөө шөнөөр хойшлуулшгүй ажитллагаа явууллаа” гэлээ.
-Та бүхнийг MCS группээс санхүүждэг гэхчлэн мэдээлэл түгж байна?
-Монголд байгаа бүх мэдиа агентлаг томоохон групп компаниудтай хамтарч ажилладаг. Тэр бол бизнес хамтрал шүү дээ.
-Танилцуулсан гэх хуулийн заалт нь 20 хүртэлх жилийн хорих ялтай юм байна?
-Айлгах ажиллагаа л гэж харж байгаа. Прокурор энэ заалтаар хэрэг үүсгэх ямар ч боломжгүй гэдгийг өмгөөлөгч маань хэлсэн. Энэ бол “Ийм том ял авна шүү” гэдгээр айлгах гэсэн оролдлого байх. Бидэнд айх шаардлага байхгүй. Бид юу хийж байгаагаа мэдэж байгаа.
-Хураасан эд зүйлсийг эргүүлж өгөөгүй байгаа юу?
-Үгүй. Хураасан зүйлсийн жагсаалт байхгүй, буцааж өгөөгүй байна. Өмгөөлөгчгүй байхад хувийн гар утсыг нээж байгаад үзлэг хийсэн. Биднийг хоорондоо юм ярихыг хориглосон. Хэвлэл мэдээллийн ажил хийж байгаа, бүтээл туурвиж байгаа хүмүүс гэж хандаагүй. Дохио зангаа, кодоор харилцчихадаг гээ биз дээ гэх мэтээр хандаж байсан.
-Та бүхнийг тролл баг ажиллуулж байсан гэх?
-Үүн дээр би яг хариулмаар байна. Тролл баг ажиллуулах гэдэг дээр хүн бүрд ерөнхий ойлголт байгаа байх. Хорин хэдтэй залуус тэр том системийн эсрэг ийм цогц үйл ажиллагаа явуулна ч гэж байдаггүй байх аа.
-“18 хоног” киноны зардал хэд вэ?
-Барагцаа дүнгээр 80 орчим сая төгрөг гаргаад байгаа. 36 саяыг нь олон нийтийн санхүүжилтээр босгосон.
О.Уламсайхан төгсгөлд нь “Амьдралдаа үзээгүй олон камерыг анх удаа харж байна. Энд ирсэн бүх ХМБ-уудын байгууллага, хэвлэлийн эрх чөлөөг хайрлаж хүндэлж байгаа хүмүүст баярлалаа. Гол нь хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэнийх нь ч хувьд маш үнэ цэнтэй зүйл хөндөгдөж байгаа” гэж хэллээ.