Төсвийн тогтвортой байдлын зөвлөл: Монгол Улсын макро эдийн засагт сорилтууд хүлээж байна

Өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь хуульд оруулсан шинэчлэлийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү,төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлэх зорилготой.
Тус зөвлөлөөс Монгол Улсын 2026-2028 оны Дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг бэлтгэж, 2025 оны 3 дугаар сарын 14-нд Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яаманд хүргүүлсэн байна.
Уг таамаглалд Макро эдийн засгийн таамаглалын загвар, Гадаад дотоод орчин, эрсдэлийн шинжилгээнд тулгуурлан макро эдийн эдийн тооцоололд DIGNAR болон CAEM загварыг суурь болгон ашиглажээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс танилцуулсан ирэх гурван жилийн төсөөлөлд төсвийн бодлогыг тэлэх боломж ойрын ирээдүйд байж болох ч үүний үр дагавар нь төдийлөн таатай бус байх магадлалтай гэв.
Гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамааран Монгол Улсад нөлөөлж эхэлсэн нь 2024 оны эдийн засаг, төсвийн гүйцэтгэлгээс тодорхой харагдаж буй. Макро эдийн засгийн 2023 оны эерэг үр дүнгүүд 2024 онд бүхэлдээ саарсан нь эдийн засгийн гүйцэтгэл, төсөв, төлбөрийн тэнцэл валютийн нөөц, ханш зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдож, энэ нөхцөл байдал 2025 оны эхний хоёр сарын хугацаанд улам хүндэрч, цаашид үргэлжлэх хандлага ажиглагдаж байна.
Иймд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өөрсдийн ашигласан загварын тооцооллыг харгалзан, эдийн засгийн нөхцөл байдал, түүний хандлагын талаарх судалгааны дүгнэлтэд үндэслэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсвийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамгийг анхаарах зөвлөмжийн хамт хүргүүлэв.
Засгийн газрын хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарах шаардлагатайг онцоллоо. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа дараах зүйлсийг анхаарч ажиллах зөвлөмжийг танилцуулсан юм.
- Эдийн засгийн таатай байдал дуусгавар болж тодорхой эрсдэл тулгарч болзошгүйг харгалзан дуд хугацаанд эрсдлээс хамгаалсан төсвийн бодлого баримтлах.
- Төсвийн зардлагын өсөлтийг хязгаарлаж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрчлөн найруулж алдагдалгүйгээр баталсан 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн хандлагыг хэвээр үргэлжлүүлэх, төсвийн алдагдал нэмэгдэхээс сэргийлэх бодлого баримтлах
- Төсвийн орлого нэмэгдэж байгааг дагуулан зарлагын өсөлтийг бий болгохгүй байх, шинэ төрлийн зардал нэмэхгүй байх
- Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа тодорхой төрлийн зардлын хэмнэлт гаргасныг үргэлжлүүлэн төсвийн дунд хугацааны төлөвлөлтөд анхаарч тусгах хэрэгтэй гэв.
Мөн уул уурхайн түүхий эдээс хамааралтай төсвийн хэт өөдрөг шийдвэр, төсөөллүүдийг төсөвт бодит дүнгээр тусгах, нүүрсний үнийн хэт хамаарлаас шалтгаалсан төсвийн орлогын алдагдал үүсэж магадгүй зэрэгт Засгийн газрын зүгээс ул суурьтай шийдвэр, бодлогуудыг урт хугацаанд хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм.