Б.Жавхлан: Хил дээр байгаа 9.5 сая тонн нүүрсний асуудлыг биржийн шинэ түр журмаар шийдвэрлэнэ

0


Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөц нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.  Ажлын хэсгийн зүгээс ажлын зорилтыг тодорхойлсон. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчимд байгааг богино хугацаанд нэмэгдүүлэх. Тухайлбал, валютын нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэх, үүнийг давуулах импортын 6 сарын хэрэглээний хэмжээнд хүргэхээр зорьж байна. Одоо бидэнд тулгамдаж буй асуудлыг оношлох нь чухал байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Биржийн шинэ түр журам батлагдлаа. Хэд хэдэн шалтгааны улмаас Монгол Улсын урд хилүүдэд Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтод нийт 9.5 сая тонн нүүрс овоолго үүсээд байна. Ковидын үед 20 сая тонн нүүрсний овоолго үүсэж байсан. Үүнийг хэрхэн хөдөлгөх вэ гэдэг асуудал үүсээд байна. 2024 онд хийгдсэн гэрээ, энэ онд хийгдсэн гээд 50 гаруй гэрээ байна. Хил хүртэл хүргэж өгөх гэрээ бас бий. Нүүрсний үнэ өнгөрсөн намраас хойш 40 хувиар уначихаад байна. Үүнтэй холбоотойгоор худалдан авагч тал маань алдагдал хүлээсэн учраас цаашаа татан авалт хийхгүй байна. Хятадын эрэлт буурсан асуудал огт биш. Тус улс 4 тэрбум тонны хэрэгцээтэй. Хятадын эрэлт 5 хувь л буурна. 20-30 хувь буурна гэдэг ойлголт байхгүй. Манай улсын биржийн арилжаа тав дахин бууж, хил дээрх татан авалт 40 хувь зогсчихоод байна. Иймд үүнийг богино хугацаанд зохицуулах хэд хэдэн гарц байна. Үнийн хэлбэлзлийг аль аль талд нь уян хатан шийдэхийн тулд одоо байгаа хуулийн хүрээнд бирж дээр түр зохицуулалт хийхээр баталлаа. Хэд хэдэн байгууллага яаралтай хуралдаад, биржийн шинэ журмыг баталж өглөө. Цоо шинэ форматаар бирж ажиллах нь. Биржийн хуульд тодорхой өөрчлөлтүүд орох хүртэл сэргээх боломжууд гарч ирж байгаа. Биржийн арилжааг идэвхжүүлсэн арга хэмжээгээ авч хэрэгжүүлнэ.

Засгийн газар экспорт төдийгүй, импорт дээрээ ч анхааръя гэж байгаа. Гадагшаа гардаг урсгал дээр ч анхааръя. Заримыг нь хойшлуулъя, эрэмбэлье. Ялангуяа төрийн өмчийн газруудын шинээр эхлэх хөрөнгө оруулалтын гадагшаа чиглэсэн урсгалыг энэ жил зогсооё гэж байгаа. Үүн дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ манлайлж ажиллаад, тооцооллоо хийсэн. Нийт 10 гаруй компани ингэж хэмнэж, 557 сая ам.долларын борлуулалт хийхээр нэмэлт үүрэг авлаа. “Эрдэнэс Монгол” группээс 1 тэрбум ам.долларын валютын нөөц авахыг хатуу үүрэг болгосон.

ТӨҮГ-аас гадна олборлолт, экспорт хийдэг дотоод гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд дээр ч тулж ажиллая гэж байгаа гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *