Автобусны жолооч Д.Азжаргал шатаж байсан байшингаас хоёр иргэнг гаргажээ

Автобусны жолооч шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварчээ.
Тодруулбал, Өнөө өглөө 08:00 цагийн орчимд “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 3-р хэсгийн жолооч Д.Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарчээ. Тэр даруй очиход хашааны хаалга цоожтой байжээ. Д.Азжаргал хөрш айлаас хүн амьдардаг эсэхийг тодруулжээ. Ингээд хүн амьдардаг гэдгийг мэдээд хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжжээ. Улмаар 9-10 орчим насны хүүг галын аюулаас эсэн мэнд аварч гаргасан байна.