Монгол Улсын сансрын анхны багт хүндэтгэл илэрхийлэв

0

Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой энэ сарын 22-ны өдөр тохионо.

Энэ өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУА-ийн Сансар судлалын тасгийн 1977 оны багийн хамт олонд хүндэтгэл илэрхийлэв. Тодруулбал, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, “Чингис хаан” одонт Ж.Гүррагчаа,  тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн Д.Сайнцог, багийн эмч Л.Лхагва, УИХ-ын гишүүн, Академич Д.Рэгдэл, Сансар судлалын тасгийн дарга Ч.Лхагважав, нарийн бичиг н.Гантулга, н.Батмөнх зэрэг манай улсын сансрын анхны багтай уулзаж, яамны баримталж буй бодлогын талаар санал солилцож, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Тэртээ 40 гаруй жилийн өмнө Монгол Улс ЗХУ-тай хамтран сансарт анх нисгэгчээ илгээсэн бол хоёр дахь сансрын нисгэгч нь хэн байх, түүнийг аль улстай хамтран нисгэх тухай ярьж эхэлсэн. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэхийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү онцлоод, бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэж байна. Арав гаруй жилийн турш ярьж буй энэ ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой хэмээв.

Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал, сансрын эдийн засаг гэдэг асуудал урьдынхаас илүү анхаарлын төвд орлоо. Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байгаа. Иймд ЦХИХХЯ-наас Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэхэд ахмадуудын оролцоо чухлыг тус яам мэдээлжээ.

Ж.Гүррагчаа нь 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогдсон юм. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *