БНСУ 2033 он гэхэд 820 мянган ажиллах хүчний дутагдалд орно

Өмнөд Солонгосын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо таван жилийн дараа буурч эхлэх төлөвтэй байгаа бөгөөд 2033 он гэхэд тус улсад 820 мянган ажиллах хүчээр дутна гэж өнгөрсөн даваа гарагт танилцуулсан шинэ тайланд дурджээ.Солонгосын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн албанаас хийсэн судалгаа, дүн шинжилгээгээр тус улсад төрөлт бага байгаа энэ үед эдийн засгийн идэвхтэй хүмүүсийн тоо өмнөх 10 жилийн хугацаанд бараг 3.2 сая байсантай харьцуулахад 2023-2033 он хүртэл ердөө 312 мянгаар нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ.Өмнөд Солонгосын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 2029 онд дээд цэгтээ хүрч, түүнээс цааш олон жилийн турш ажиллах хүчний тоо буурах төлөвтэй байна. Ажиллах хүчний хомсдол зарим салбарт илүү мэдрэгдэхээр байгаа аж. Тайланд дурдсанаар, 2033 он гэхэд аж үйлдвэрийн салбар 123 мянган ажилчин, нийгмийн халамжийн салбар 110 мянган ажилчин, бөөний болон жижиглэн худалдааны салбар 83 мянган ажилчин дутахаар төлөвтэй байгаа аж.Мөн тайланд 2033 он гэхэд тус улсад 192,000 мэргэжилтэн, 142,000 оффисын ажилтан шаардлагатай болно гэдгийг онцолжээ. Судалгааны төвийн шинжээч сэтгүүлчдэд хэлэхдээ, “Солонгос эмэгтэйчүүд, өндөр настан, залуучуудын хөдөлмөрийн зах зээлд оролцох түвшин ЭЗХАХБ-ын бусад орнуудынхаас доогуур байгаа тул илүү олон боломжит ажилчдыг ажиллах хүчинд нэгдэхийг дэмжих бодлого байх ёстой” гэж мэдэгджээ.Хөдөлмөрлөх, хүүхэд өсгөх хоёрын хооронд тэмцэлдэж буй эмэгтэйчүүдэд илүү их дэмжлэг үзүүлэх, ахмад ажилчдыг ажлын байраар хангах хөдөлмөрийн дүрмийг шинэчлэх нь Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогод багтаж байгааг тайланд дурджээ.
Эх сурвалж: Кoreatimes