“Архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилж байгаа газрууд ундны цэвэр усаар үнэгүй үйлчилнэ” гэх хуулийн заалт хэрэгждэг үү

Зарим хуулийн зүйл, заалт амьдралд хэрэгждэггүй талаар иргэд хэлж, шүүмжилдэг. Тэгвэл Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд “14:00-04:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ гэж заасан байна. Тэгвэл тус хуулийн уг заалт амьдралд хэр хэрэгжиж байгааг бид энэ удаад хөндлөө.
-Ш.ЖАМЬЯАНДОРЖ: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМДАА ХАЛУУН, ХҮЙТЭН ЗУУШААР ҮЙЛЧИЛДЭГ БАЙХ БӨГӨӨД ЭНЭ ХУУЛИЙН 16.2.2-Т ЗААСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД УНДНЫ УСААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ ГЭЖ ЗААСАН БАЙДАГ-
Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчдээ ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ гэх хуулийн заалтыг төдийлөн биелүүлдэггүй байна. Иргэд ч энэ талын мэдлэг мэдээлэл байдаггүй аж. Бид уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Баянгол дүүрэгт байрлах хэд, хэдэн лоунж, бар, караокены газраас орж, тухайн байгууллагууд нь үйлчлүүлэгчдээ ундны усаар үнэгүй үйлчилж байгаа эсэхийг тодрууллаа. Ингэхэд ихэнх байгууллага энэ талаарх мэдээлэл байдаггүй учраас хуулийг хэрэгжүүлдэггүй гэдгийг тодотгож байв. Харин цөөн хэдэн газар “Хуулийн заалт байдаг байдгийг мэднэ. Тиймээс ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа хүмүүстээ ундны цэвэр усаар үнэгүй үйлчилдэг” гэдгийг хэлж байлаа. Мөн тэд “Хуульд энэ талаар тусгасан байдгаас гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа хүн цэвэр ус сайн уух ёстой. Энэ нь эрүүл мэндэд нь тустай байдаг. Тиймээс ч үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг бодож ундны усаар үнэгүй үйлчилдэг” гэдгийг онцолж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор бид хуульд хэрхэн заасан байдаг. Цагдаагийн байгууллагаас энэ талаар ямар нэгэн ажил арга хэмжээ зохион байгуулдаг эсэхийг тодруулсан юм. Уг асуултад УСА-ны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамьяандорж “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ гэж заасан байдаг. Харин иргэдийн тухайд хуулийн дээрх заалтыг огт мэддэггүй. Үйлчлүүлж байгаа газрууд нь ч ундны усаар үнэгүй үйлчилдэггүй. Зөвхөн худалдааны ус авч хэрэглэдэг” хэмээж байлаа. Сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, үүнээс үүдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол ч цөөнгүй гарах болсон. Тиймээс архины зохистой хэрэглээг хэвшүүлж, хэрэв хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндээ бодож, цэвэр ус ууж байх, аж ахуйн нэгжүүд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллаасай гэдэг үүднээс бид энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.